Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 4)
Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.СОСОРБАРАМ:
![](http://resource.chart.mn/chart/photo/2011/6/8cd258d2eab5cc08/d85fbe7bc76ccfdcgreat.jpg)
Залуус, хойч үеийнхэнтэйгээ бодол дотроо, оюун санаандаа тээж явдаг ухаарлаа хуваалцаж буйдаа би тун баяртай байна. Дүү нар минь миний хэлснээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяарай. Миний энэ яриа, та нарт хандсан энэ үг яг ийм бай, тийм байх ёсгүй гэсэн тулгалт биш юм шүү. Тэгж хүний эрхийг хязгаарлах эрх надад байхгүй. Тэгээд ч миний бодол яг зөв гэж бусдад тулгах хамгийн тэнэг хэрэг. Хүн надаас өөр байсан ч, давуу бодсон ч, зарим талаараа дутуу ухаарсан ч байж болно. Гол нь зөв л харах хэрэгтэй.
Хорвоо гэдэг ерөөсөө эр эм хоёр туйлд багтдаг, эр эм хоёрын дундаас үргэлжилдэг жам жаягтай. Ургамал мод хүртэл эр эмээрээ, ан амьтан ч эрэгчин эмэгчнээрээ. Ирнэ буцна, бусад нь бүгд худлаа гэж би үздэг. Ирээд буцах хооронд эр эм хэн ч ялгаагүй хүний дайтай явж байгаад буцвал тэр л сайн хэрэг дээ. “Муу эм гэрийн гай, муу эр төрийн гай” гэж Р.Чойном найрагч хэлжээ. Хүн өөрөө байгалийн амьтан болохоор өөртөө нь бурханлаг чанар нь ч, адгуусан шинж ч бий. Энэ хоёр урсгал хүн дотор ээлжлээд урсч байдаг юм болов уу. Үүнээс улбаалаад хүн гэдэг хөөрхий буян, нүгэл хоёрыг уралдуулан үйлдэхээр ирсэн амьтад юм шиг. Нүгэлгүй хүн гэж энэ хорвоод үгүй. Хэлд орохоороо хэлний нүгэл нь, хөлд орохоороо хөлний нүгэл нь эхлээд явчихдаг ийм л хөөрхий амьтад. Үг хэлэх чадвартай болчихоод уурлахдаа хараал хэлнэ, бачимдахдаа хамаагүй ярина, бие биенээ гомдооно, айхтар үгс хэлнэ.
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймрын ялгаа юу
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуугийн ялгаа юу
Жаварт салхи салхилнам зээ
Жалгын ногоо сэргэнэм зээ
Жаргалтай байхдаа зовлонтой гэвэл
Зовлон өөрөө ирнэ ээ тэр.
Д.Равжаа хутагтын долоохон настай байхдаа хэлсэн “Хурмаст тэнгэр” шүлгийн энэ наймхан мөр хүний амьдралын нарийн учрыг тайлан хэлсэн байна. Эх хүн хүн төрөлхтний бэлгэ тэмдэг, хун шувуу утга уянгын бэлгэ тэмдэг, дигуранз гүн ухааны бэлгэ тэмдэг гэж Хутагт бас айлдсан байдаг. Эмэгтэй хүн, ижий ертөнц бол бурхан гэж оношилж дүгнэсэн байна шүү дээ. Харин бид эмэгтэй хүнийг, эх хүнийг, ижий ертөнцийг, бүсгүй заяаг аль хэр бурханчилж хайрлан, хүндэлж байгаа билээ? Есүс Христ, Бурхан Будда, Далай лам, Мухаммед гээд хүн төрөлхтний түүхэнд гүн мөртэй, олон янзын соёлын эх тавьсан хүмүүс бий. Тэдний үзэл бодол олон зуун дамжин итгэл үнэмшил, соёлын урсгалууд болж хөгжсөн байна. Тэнгэрийн гаралтай мэт бурханчлагдаж байна. Үүнийг хэн ч арчиж чадахгүй, хэн ч зогсоох боломжгүй. Гэвч тэд үнэндээ тэнгэрээс буугаагүй, газраас дэлгэрээгүй, ижийгээс төрсөн нь маргашгүй үнэн билээ. Ийм учраас би ертөнцийн хамгийн нэгдүгээрт ижий байдаг юм гэж хэлээд байна л даа.
Хүний ижий бол гайхамшиг шүү. Бие жаахан эвгүйрхэх юм уу, санаа сэтгэл гундах үед гэртээ ганцаараа үлдэж байгаад “Ээж ээ” гэж хашгирах би дуртай. Хямарсан хэцүү үедээ ингэж гурвантаа орилоход нулимс аяндаа асгардаг. Ээжид ямар аугаа их хүч байдаг юм бэ. Ижийнхээ гайхамшигт хүчийг биширсэн өөр жишээ хэлье. 1990 оны ардчилсан хувьсгалын үед Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт пиг дүүрэн хүнтэй уулзалт хийчихээд гараад явтал тал талаас чулуу нүүлгээд, юу юугүй пижигнээд явчихлаа. Дайралтаас өндгөө хамгаалж байгаа шувууны дүр зургийг та бүхэн киноноос харсан л байх. Яг л тийм юм болсон. Миний ээж тэгэхэд 50 гаран настай байлаа. Гэтэл хүний эх ямар хурдан гээч, харилаа гээд салаад холдсон хүн нэг харахад миний дэргэд гүйгээд ирчихсэн намайг өмгөөлж, жижигхэн биеэрээ хамгаалаад зогсож байсан. Ижий бүхэн ийм л байдаг учраас хүн төрөлхтний хамгийн хүчтэй бэлгэ тэмдэг бол ээж юм. Ээжийг давдаг бурхан байхгүй, ээжийг давдаг ертөнц байхгүй. Бядтай ханхар эрчүүд ч ижий ертөнцөд, бүсгүй ертөнцөд сүсэлж дагадаг юм.
Д.Равжаа хутагт мэндлэхэд ээжийгээ хорвоод тушаачихсан болоод эх хүнийг тэгж их нандигнан дээдэлдэг байсан болов уу. Их хутагт дөнгөж мэндлээд ээж нь өнгөрсөн түүхтэй юм шүү дээ. Мөөм амлаж үзээгүй тэр хүн долоохон настайдаа гүн ухааны асар гүнзгий агуулгатай “Хурмаст тэнгэр” шүлгээ хэлсэн. 17-хон настайдаа “Хамрын хийд”-ийг байгуулсан. Галвын гурван говьд 108 хийд байгуулна гэж мөрөөдөж байсан, хорвоогоос буцсан 54 нас хүртэлх хугацаандаа 80 гаруйг нь байгуулсан. Тэнд нь 500 гаруй лам хувраг шавилан сууж байсан. Дуганыг хүүхдийн номын сан дацантай, театртай болгож хөгжүүлсэн. Өөр хэн нэгэн Д.Равжаагийн энэ зиндаанд хүртэл хол л доо, хол.
Гэвч хүн болгонд өөрт нь нөөц бий, боломж бий. Хүн боломжоо яаж алддаг вэ? Жүжигчин хүний байгалиас заяасан өгөгдөхүүн, авъяас байхгүй хөвгүүд охид жүжигчин болох гэж үйлээ үзээд амьдралаа үрэхийг би харж, харамсч байна. Тэр хүн мундаг зохион бүтээгч болох байсан ч юм бил үү? Заавал дээд сургууль төгссөнөөр нь хүнийг том гэж үзэх албагүй. Аливаа зүйлийг хүн муухай болгохоосоо ичдэг болтол нь цэвэрлэдэг цэвэрлэгчийг ямар ч дээд боловсролтой хүнээс дорд үзэх ёсгүй. Англид амьдарч байсан дүү минь надад гайхалтай нэгэн түүх ярьсан. Бие засах өрөө цэвэрлэдэг нэг орос эмэгтэйн тухай юм л даа. Түүний ажилладаг рестораны бие засах газар зочид буудлын өрөөтэй андуурам цэвэрхэн байдаг гэнэ. Тиймээс ч бие засах газар нь цэвэрхэн учраас тэр ресторанд маш олон хүн ирдэг. Цэвэрлэгч эмэгтэй маш их мөнгө, тодруулбал өдөрт 600 паундтай харьдаг гэнэ. Өөрийгөө үнэлж амьдарч чадаж байна аа даа. Манайхан цэвэрлэгч гэхээр тааруухан харьцана. Гудамж, коридор цэвэрлэж байхад нь хээв нэг гишгэчээд гарна. Шавар шавхайг чинь цэвэрлэж, хамгийн сайн үйл бүтээж байгаа тэр хүнийг хүндэтгээд, цэвэрлэснийх нь дараа гарч яагаад болохгүй гэж? Хүнд хандах хандлагыг өөдөө сөөргөө болгож, алагчилж үздэг болбол энэ хорвоод ижий ертөнцөөс ирсний чинь хэрэг мөхөж байгаа нь тэр.
Хүн бол өнгөрсөн, одоо, ирээдүй цаг хугацааны амьтан. Энэ цаг хугацааны орчилд л хүн амьдардаг. Өнгөрсөн түүхээрээ бахархаж буй нь энэ гээд би тэр хааны, энэ ноёны удам гэж цээжээ дэлдэх зохисгүй. Үүнтэй адилаар ирээдүйд тийм болно гэж хоосон мөрөөдөөд, биелүүлж өгөх ид шидтэн бодоод бүтэхгүй. Одоо цаг дээр л амьдарч чадах хэрэгтэй. Өнөөдөр зөв юм мэдчих юм бол, өнөөдөр зөв хүнтэй нөхөрлөчих юм бол, өнөөдөр аливаа зүйлийг зөв өнцгөөс нь харж чадах юм бол таны ирээдүй тодорхой, өвөг дээдэс чинь бахархана. Өнгөрсөн, ирээдүй хоёр заагийг одоо цагаас салбарлуулж ойлгох гээд байгаа хэрэг шүү дээ.
Хүсэл бол зовлонгийн эхлэл, шунал бол ядуурахын үндэс. Цаг зуурын жаргал хүнийг хордуулдаг. Биеийн цаг зуурын жаргалаас болж архинд донтож байгаа бол сэтгэхүйн цаг зуурын жаргал хүнийг дор нь сөнөөнө. Бид сэтгэхүйгээрээ их эрүүл байх ёстой. Эрүүл сэтгэхүйтэй нийгэм бэлдэх ёстой. Цэвэрлэгч ч, мужаан ч, жолооч ч, олон хэл эзэмшсэн сэхээтнүүд ч, хэн ч ялгаагүй тал засдаггүй, дулдуйддаггүй, худалдагддаггүй, зөн мэдрэмжээрээ явж чаддаг болчихвол нийгэм сэтгэхүйгээрээ эрүүлжинэ. Саяхан оюутан, сурагчдын дунд уран илтгэлийн уралдаан боллоо. 400 гаруй хүүхдээс 18 нь шалгарсан юм. Шүүгчээр би суулаа. Би тэндээс олон дуураймал хүн харлаа. Уран ярьдаг бүх хүнийг дуурайгаад л, хоолойг нь хүртэл шүү. Хүүхдүүдийг хар нялхаар нь ингэж хөнөөж болохгүй шүү дээ бид. Хүүхэд өөрийнхөөрөө байх ёстой. Шалгарсан 18 хүүхдээс 3 нь л өөрийнхөөрөө шахуу байсан. Бид нэг буруу баримжаанд орчихжээ. Жишээлбэл, Сосорбарам гэдэг хүнийг сайхан гэж харангуутаа яг адилхан харагдах гэж дуурайдаг. Үгүй ээ, чи өөрийгөө дуурайна, өөрийгөө олно, чиний амьдрал чамд л байгаа. Хэн нэгнийг бүү дуурай, харин сайхныг нь шингээ.
Өөрийн эрхгүй нэг найз руугаа утасдмаар ч юм шиг санагддаг үе бий. Яагаад бид бие биедээ урам хайрлачихаж болохгүй гэж? Бид юуны түрүүнд өөрөө өөртэйгөө их ажиллах хэрэгтэй, өөрийгөө таних гэж оролдох хэрэгтэй. Өөрийгөө олоогүй, өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө хүндэтгээгүй, өөрийгөө мэдрээгүй хүн өрөөлийг зүгээр л нулимна. Өрөөлийн алдаан дээр тоглох дуртай болно, өрөөлийн муу муухайг хараад бах нь ханадаг болно. Харин өөрийгөө ойлгосон, хүндэлдэг, үнэ цэнээ бага ч гэсэн мэдэрсэн хүн бусдын алдаан дээр дөрөөлөхгүй, бусдын алдааг уучилж чаддаг болно.
Нөхрөө ядрах цагт нь түшвээс би өөрийгөө хүн хэвээрээ байна гэж тооном
Нөхрөө задрах цагт нь хямгадваас нөмрөгтэй уул хэмээн би өөрийгөө бодном гээд санаандгүй дөрвөн мөрт хэлчихсэн байна лээ би. Энэ бол ямар нэгэн шүлэг, цэцэрхэл биш өөрийгөө л олох гэсэн оролдлого. Өсч өндийж байгаа охид хөвгүүдийг нийгэм нь, хавь орчныхон нь их эвдэж байна. Эвдрэхгүй, эвдлэгдэхгүй байх дархлаагаа өөрсдөө тогтоож авахыг янз бүрээр оролд, дүү нар минь. Баабарын “Доори идэр дүүдээ” гэдэг номыг хүүхдүүд их уншаасай гэж боддог. Би ч хааяа сөхөж харах дуртай. Тэр номноос хүн болох суурь харагдаад байгаа юм. Хүн юуг эхлээд мэдэх ёстой юм бол, мэдлэг гэж юу юм, мэдээлэл гэж юу юм, ухаан гэж юу юм, мэдлэгт суурилсан мэдээлэл ямар ач холбогдолтой юм, мэдлэгт суурилаагүй нь яаж хор хов болох аюултай юм? Ийм асуултуудын хариултыг маш товчхон гаргаж тавьсан ном шүү дээ.
Өөртөө итгэх итгэлээ алдсан, ямарваа нэгэн хоосон зүйлийг шүтсэн хүн амьд сүг болж байна. Өөрийн толгойгүй мэт бусдын ая хардаг, миний сайхан амьдралыг төр залж өгнө, миний сайн явахыг аав ээж зааж өгнө, миний ямар хүн болохыг хэн нэгэн зааж өгнө гэж бодож хүлээж байна. Үгүй ээ, ямар хүн болохоо чи өөрөө л мэднэ, чамаас өөр хэн ч мэдэхгүй. Чамайг чи өмөөрнө, чамайг чи аварна, чамайг унагавал чи л унагана, эр эм хэнийг ч эзэн өөрөө л унагана. Тэгэхээр хүнд өөрт нь л учир байгаа юм. Төрөлхийн чанар, төрөлхийн сайн удам ген байна. Гэхдээ хүүхэд ахуй цагаасаа л зөв эрх чөлөөг эдэлж, зөв газар байж, зөв мэдрэмжтэй болоод явчихвал, тэр олон зөв хүн олон зүйлийг аварна шүү.
“Амьдрал бол жүжиг, хүмүүс бол жүжигчид” гэж дэлхийн аугаа их зохиолч Уиллъм Шекспир хэлсэн байна. Энэ үнэн. Ирнэ буцна. Ирэх буцах хоёр нь үнэн, бусад нь бүгд худлаа. Энэ хоёрын дунд үнэний баримжаатай, үнэнд сөгдөж явбал ээ дээ мөн хэрэгтэй дээ. Гэхдээ миний бодол зөв байх албагүй. Зөв талын баримжаа бол энэ гэж бодол ухаарлаа л хуваалцаж байгаа минь энэ шүү дээ. Ирсэн бүхэн буцах энэ орчлонд үдлэх хоорондоо хүн жаахан жаягтай явах ёстой.
“Хүн болоогүй хүнд эрдэм боловсрол эзэмшүүлэх нь босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адилхан” гэж Монголын их эрдэмтэн Чой.Лувсанжав гуай хэлсэн. Энэ үгийн цаад гүнзгий гүн ухаан нь ямар лут юм бэ гэж би бүр залбирдаг юм. Одоогийн бид үр хүүхдээ хүн болгож чадаж байна уу гэвэл үгүй л байх шүү. Сургуулилалт хийгээд, бичлэгт ороод, эсвэл найз нөхөдтэйгээ биллъярд цохиод заримдаа шөнийн 00 цаг өнгөрөөгөөд гудамжаар явахад цоо шинэ Ланд Крузер унасан хорь хүрээгүй охид хөвгүүд мөн ч олон давхилдах юм. Энэ сайн явдал уу? Бэлжиж хөрөнгөжиж байгаа талаасаа сайн явдал биз. Харин би үүнийг хамгийн хортой үйл явдал гэж хэлнэ. Амьдралын үнэ цэнийг мэдэхгүй хүүхдүүд аав ээжийнхээ олсон зоос мөнгөөр Ланд-200 унаад давхина гэдэг бол хамгийн аймшигтай. Эндээс гэмт хэрэг үүднэ, эндээс ертөнцийг дээрээс хардаг сэтгэлгээ эхэлнэ, ядарсан, зүдэрсэн, зутарсан хүнийг нулимдаг араншин гарна. Өнөө ижий ертөнцийн үргэлжлэх үр муу юм руу явна. Ийм юмыг манай дээдчүүл хийж байна. Энэ аюул шүү.
Яруу найрагч Ц.Хулан нэг айхтар үг амнаасаа санаандгүй унагачихсан. “Хулангийн үдэш” яруу найргийн баяр дээр “Эр хүн 3 минутын жаргал эдлэхэд эм хүн 30 жилийн зовлон үүрч үлддэг юм” гэж хэлсэн юм. Циркт дүүрэн байсан үзэгчид чив чимээгүй болсон. Тэр үнэн үгэнд хүмүүс нам цохиулсан, би ч “Ёг” гээд л явчихсан. Айхтар үг шүү. Аливаа улс үндэстний оршин тогтнохын үндсийн үндэс нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эмзэг эрхтний амсар дээр байна. Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа тэнд л байна. Тэс ондоо юмнаас тусгаар тогтнол хайгаад, яг хүн рүүгээ хандсан юм ерөөсөө ярихгүй байна. Эр эм хүмүүсийн, ижий аавуудын, охид хөвгүүдийн эмзэг эрхтнүүд эрүүл байх ёстой. Үүнийг эрүүл байлгахад эзэн нь нандин хандах хэрэгтэй. Үүнд хамаа бус хандсанаас болоод олон янзын өвчин эмгэг дэлгэрч, тэндээс харин улс үндэстний оршин тогтнох үнэ цэнэ алга болоод байна. Энэ тухай хүүхдүүдээс нуулгүй ярьж, ойлгуулж байх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол гялалзсан залуу хийморь, бие цогцсыг хамгийн эмгэнэлтэй болгож хувиргана. Иймээс ч би үүнийг олонтаа ярьдаг.
Хүн тавтай тухтай, баян тансаг амьдрахыг боддог. Гэхдээ яаж баян амьдрах юм, яагаад ядуу байгаа юм, ядуугаас яаж өөдлөх ёстой юм гэдэг тунг хүүхэд цагаасаа мэдрэх ёстой. Энэ мэдрэмжийн хамгийн нэгдүгээрт өөрийг чинь огт сураггүй байхад, магадгүй байхгүй байж ч мэдэх байхад энэ хорвоод үүсгэн төрүүлсэн тэр ижий ертөнцийг хайрлах. Өөрөө гарахдаа амь насыг нь дэнчин дээр аваачиж хумсалсан, одоо өсч томроод санааг нь зовоож, шанааг нь илүү бууралтуулж хумслах эрх ямар ч аавын хүү, ээжийн охидод байхгүй. Ламд биш ээждээ мөргө, ээждээ очоод сөхөр. Би нэг найзаараа бахархдаг. Тэр сайн найз минь олны танил шог зураач С.Цогтбаяр л даа. Би өчигдөр оройхон ижийдээ очсон байхад нь утсаар ярьсан. Минжмаа гэж сайхан ижий бий, надад ч гэсэн сайхан ижий шиг ханддаг. Миний найз мэндэлсэн өдрөөрөө (Төрсөн өдөр гээд буруу ярих юм. Эмэгтэй хүн төрж, үр нь мэндэлдэг) ижийдээ очиж мөргөдөг. Мөргөхдөө тун гоё. Цогоо маань хаалга онгойлгойнгуут пид гээд л газар унана шүү дээ. Тийм наргиантай. Эндээс эхлээд л ижийгээ баярлуулж инээлгэнэ. Ижий нь аарууланд дуртай, шүдгүй шахам болчихсон ижийдээ ааруул нунтаглаад аваачиж өгнө. Мөнгө байхгүй бол зүгээр л өөрийнхөө барааг харуулна, та ийм шог зураач хүү төрүүлсээн гээд л. Би найзаа дуурайгаад ижийдээ тэгж ханддаг болсон. Харин зарим хүн яадаг вэ? Мэндэлсэн өдрөө тэмдэглэхдээ бааранд ороод чиний төрсөн өдөр, миний төрсөн өдөр гэж хундага тулгаж эхэлдэг. Ижий ертөнцийг аль хэдийнэ мартчихсан тууж явна аа даа. Өөрийг чинь төрүүлсэн, энэ хорвоод мэндлүүлсэн, өсгөж хүн болгосон ижий аав хоёртоо хамгийн түрүүнд баярлах учиртай. Хүний биеийг, хүний эд эсийг олж мэндэлнэ гэдэг бол зүүний сүвэгч дээр тариа тогтохтой адилхан, хумсны толионд хумхын тоос тогтохтой адилхан гэдэг юм байна лээ.
Баячуудын болоод ихчүүдийн гэрээс балмад залхуу хүүхэд төрдөг юм
Багалзуурын мах булчирхай ихтэй байдаг хойно
Байгаль тэгж зохицуулдаг юм байлгүй хөөрхий гэж Р.Чойном гуай хэлжээ. Бэлэнчлэх сэтгэлгээ, хэт тансаг амьдралын дунд хүн, хүн болдоггүй байна. Асар их эвдэрдэг байна. “Миний хүүхдүүд ээ, ижий аав хоёртоо байгаа сайн сайхан, өнгөлөг өөдтэй болгоныг өөрсөддөө заяаж ирсэн унаган чанар, өнгөлөг болгонтой сүлж амьдарвал хүний хорвоод буцах хүртлээ дажгүй явна аа. Хэрвээ ижий аав хоёртоо байгаа муу муухайг, адгийн авир араншинг өөрсөддөө байгаа муу муухай авир араншинтай хольж амьдарвал хүний адаг болно шүү” гэж би хүүхдүүддээ захидаг.
Манайхны уламжлалын гажиг гэмээр нэг юм байна. Монгол бүсгүйчүүдэд цэвэр ичимтгий ааш үнэхээр хэрэгтэй, гэхдээ тун нь таарах хэрэгтэй юм шиг. Цэвэр ичимтгий байх ёстой гээд цовоо цойлгон мэдрэмж, мэдлэг олох гэсэн, чөлөөтэй байх гэсэн мэдрэмжээ гээгээд бүрэг, хаалттай болчихдог. Үүний тунг олж харах хэрэгтэй юм шиг. Гэлээ гээд эрх чөлөө гэж хашгич гэсэнгүй. Эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна гээд гаргаж байгаа янз бүрийн араншинг харахад эрх чөлөө гэдгийг дураараа авирлах, зоргоороо байх гэж ойлгоод байх шиг анзаарагддаг. Ардчилал, ил тод байдал, эрх чөлөө гэдгийн тухай Оросын хошин шогч Михайл Задарнов “Чи дарга руугаа дөхөж очоод “Хуц” гэж хэлэх боломж олдсон гэж бодож байвал чи өөрөө ухна” гэж хэлсэн байна лээ. Энэ үгийг их бодууштай. Эрх чөлөө гэдэг бол хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго юм байна. Тийм учраас эрүүлээр сэтгэдэг, зөв зөн мэдрэмжийн цуглуулга болж чаддаг, худлаагаас эмээн зугтаж, буруугаас нүүр буруулж явдаг, үнэнд сэтгэлээсээ ханддаг хүмүүсийн уулзвар болж таарах юм. Энэ уулзварын жим эр эм хоёрын уулзвар дундаас үүсдэг юм. Ижий аав хоёрын бие бие рүүгээ татагдсан хайр сэтгэлийн уулзвар дундаас үргэлжилдэг юм. Үүний гол хүч нь, хүндлэн дээдэлж орой дээрээ залах ёстой бурхан нь ээж юм. Би ижийгээ хайрлая гэж өөрөөсөө гуйгаарай. Хамгийн зөв гуйлга бол энэ шүү. Баярлалаа.
http://www.mongoliandream.mn/