Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 5)
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч, доктор Н.ЖАНЦАННОРОВ:
![](http://www.mongolnews.mn/uploads/assets/image/%D0%96%D0%B0%D0%BD%D1%86%D0%B0%D0%BD%D0%BD%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2.jpg)
Монголчуудын бахархал гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Тэгэх ч ёстой. Учир нь бүх юм нь ижил хүн гэж хорвоо дээр байхгүй. Дэлхий дээр нэг эрдэм шинжилгээний лаборатори хүний генийг хувилах эрх авч байгаа сураг дуулдсан. Хүнийг ингэж давхарлан үйлдвэрлэх хууль эрх зүйн баримт бичиг дэлхий дээр гарахгүй байх гэж найдаж байна. Хэрвээ хүмүүс хоорондоо яг ижил сэтгэдэг, яг ижил болох юм бол хүн төрөлхтний амьдрал утга учраа алдана гэж ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас үндэстэн бүр, хүн бүр өөр өөрийнхөөрөө бахархлаа хардаг. Бахархал бол ямар нэгэн зүйлд хөтлөгддөг гэж би ухаардаг. Тэр хөтөлдөг зүйл нь үндэстний эрх ашиг юм. Үндэсний эрх ашиг дээр тулгуурласан бахархал нь тухайн хүний оюун санааны хөтөч болдог.
Үндэсний бахархалд олон зүйл байна. Бахархлыг хэт дэврээвэл бахархлаа ухаарах чадвараа алддаг. Ийм олон жишээ бий. 1800-аад оны Францчууд Напалеон хаантай нааш цаашаа явсныг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн зууны 30-аад оны төгсгөлөөр Ари үндэстэн дэлхий дахинд юу болсныг та бүхэн мэдэж байгаа. XIII зууны үеийн монголчуудын Монголоороо бахархах үзэл түүхчдийн үзэж байгаагаар тэднээс арай өөр байгаа нь харагддаг. Саяхан Японы телевизээр Хубилай хааны Япон руу 2-3 удаа дайрсан тухай баримтат кино гарч байна лээ. Тэнд үзүүлснээр, Хубилай хаан дөрөв дахин захиа өгсөн юм байна. Хятадын урд хэсэг олон том гол мөрөнтэй учраас эзлэхэд их төвөгтэй, гарах гарц хэцүү. Тиймээс дэлхийн худалдааны замыг төвөггүй байлгахын тулд Японтой түншийн харилцааг хөгжүүлье, найрамдалт харилцааг хөгжүүлье гэж дөрвөн удаа захиа илгээсэн юм байна. Үүнийг япончууд сайн ойлгоогүй, дөрвөн удаа захиа явуулахад хариу ирүүлээгүй, тав дахь удаа элчээ явуулахад илгээсэн элчийн амийг хөнөөсөн учир дайн дажин эхэлсэн тухай япончууд өөрсдөө ярьж байна. Нэвтрүүлэгч тэр япон эрдэмтнээс “Та ер нь энэ глобалчлалын тухай юу бодож байна вэ” гэхэд дэлхий дээр хоёр дахь глобалчлал явагдаж байна. Нэг дэх нь XIII зууны Монголын их гүрний глобальчлал. Энэ глобалчлал ямар үзэл санаан дор явагдсан бэ гэвэл, дэлхий нэгдсэн нэг сүлжээнд оръё гэсэн бодлого байсан. Энд нэг гүрэн толгойлох рольтой байсан. Одоо бол Америкаар толгойлуулсан глобалчлал явагдаж байна. Хэдий Америк толгойлж байгаа ч бусад гүрэн тэгш эрхтэйгээр оролцохын төлөө зүтгэж байгаа глобалчлал. Энэ глобалчлалын үр дүнд юу үлдэхийг би тааж мэдэхгүй гэж хэлж байсан. Үүнийг хэн ч тааж мэдэхэд хэцүү. Энд нэг зүйлийг сайн ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг надад бодогддог. Энэ бол бахархлаа ойлгохдоо өөр дээрээ хийхээс гадна өрөөл дээр хийж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүн заавал орос хүнээс сайн байх ёстой гэж үзэх ёстой юу. Хятад хүн заавал монгол хүнээс дор байх ёстой юу гэдэг асуудал. Үндэстэн бүхэнд өөрийн гэсэн давуу чанар, дутуу чанар байна. Өнөөдөр өөрийн давуу чанарыг маш сайн ухаарах, тэгэхдээ хүний давуу чанарыг хүлээн зөвшөөрч сурах энэ асуудал их чухал байна. Монголын 2.6 сая монгол хүн дэлхий дээрх монгол туургатныхаа гал голомтыг сахиж, тэдний туг нь, найдвар нь болж байгаа. Тиймээс нэг монгол хүн 4 хятад хүний, 3 орос хүний адил хүч чадалтай байх ёстой. Тийм хувь заяагаар бидэнд үүрэг оногдсон. Биднийг зүтгэх, өөрийгөө хөгжүүлэх, үндэстэн гэж байх юм бол түүгээрээ бахархах гол татаас нь энэ өндөр, том ачаа байна. Амьтан ч ялгаа байхгүй өөрийнхөө үрийг үлдээсэй гэж зүтгэнэ. Хүн бол бодно. Үүний л төлөө бид эцсийн эцэст явдаг биз дээ. Ийм учраас үндэстэн гэдэг бол их онцгой үзэгдэл юм л даа.
Монголчуудын хувьд үнэхээр бахархах эрхтэй тийм үндэстэн гэж би боддог. Яагаад гэвэл, өнөөдөр 5-6 хүний ачааг нэг монгол хүн үүрч яваа нь үнэн. Энэ бол их гашуун үнэн. Та бүхэн Ш.Гүрбазарын нэг шүлгийг мэдэх байх. “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг” гэж. Монгол газрын зургаа хэлсэн юм шүү дээ. Энэ газрын зургийг хэн зохиосон бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. XIII зууны үеийн Монголын газрын зураг гэж их том газар нутгийг хамруулсан зураг байдаг. Тэгвэл энэ дэлгэсэн тэрлэг шиг газрын зургийг хэн зурсан юм бэ, Ю.Цэдэнбал дарга зурсан юм уу, маршал Х.Чойбалсан зурсан юм уу, Богд хаан зурсан юм уу? Харамсалтай нь, монголчууд зураагүй. Гадныхан зурсан, тэр дундаа дарга нар зурсан ийм зураг байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1915 оны Хиагтын гэрээ, дэлхийн II дайны дараах Яалтын гэрээ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсыг ийм маягтайгаар тусгаар тогтносон улс болохыг хүлээн зөвшөөрье гэж гурван том дарга яриад л 1945 онд тусгаар улс байх уу, үгүй юу гэдгээ улс нийтээрээ санал хурааж шийд гэсэн. Тэгэхэд, бичиг үсэг мэддэггүй нь эрхий хурууныхаа хээ даран баталгаажуулсан. Тусгаар тогтносон Монгол Улс гэдэг ийм газрын зурагтай байхыг дэлхийн том дарга нар шийдсэн. Монголчууд та нар нэг улс болоод явцгаах ёстой гэж хэн нэгэн хүн хашаагүй л бол ийм газрын зурагтай байхыг бодох уу? Арай хойгуур зурмаар байгаа биз дээ. Байгаль далайг оруулаад ч юм уу, урагшаа ядаж Эрээнээс хойгуур, Цагаан хэрмийн наагуур ч юм уу, ингэж л зурахыг бодно биз дээ. Одоо бид буу бариад, цэрэг арми хөдөлгөөд үүнийг дахин зурна гэсэн ойлголт байхгүй.
Хүн төрөлхтний өмнө ямар асуудал тулгарч байна вэ гэвэл ерөөсөө ухаанаар дайтах зам байна. XXI зууны дунд үе гэхэд Монгол Улсын тухай ярихаасаа Америк дэх монголчууд, Япон дахь монголчууд гэж ярих нь илүү давамгайлна гэж би нэгэнтээ үг алдаж байсан удаа бий. Одоо энэ тогтсон Монгол Улсын нутаг бол монголчуудын өмч гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэрэв өмч юм бол бид тогтох ёстой. Хүн газар дээр гишгэж байж л хүн гэдэг мөн чанараа хадгалж байдаг. Монгол гэдэг газар дээрээ эзэн болоод суух нь ойлгомжтой. Тэгвэл монголчууд яагаад үүгээрээ бахархах эрхтэй хүмүүс вэ? Судлаачид, эрдэмтэд, түүхчдийн ярьж, бичиж байгаагаас өнгөц харахад дэлхий усан дотор байсан, тэгээд хуурай газар эхэлж цухуйсан гээд цаашаа та бүхэн мэдэж байгаа. Бурхан халдун уулын Хэнтийн нурууны хэсэг бол дэлхий уснаас хуурай газар цухуйхад анх ил гарсан хэсэг гэдэг шүү дээ. Энд л хүн анх бий болсон байх боломжтой байгаа юм. Дэлхий сөнөнө гэж эрдэмтэд хэлдэг. Мөнх зүйл гэж үгүй болохоор сөнөх нь ойлгомжтой. Сөнөхөөрөө дахиад усанд автана. Усанд автахад нөгөө Бурхан халдун уул л торойж үлдэхэд хамгийн сүүлд дэлхий дээр үлдэх хүмүүс нь бас энд нутагладаг хүмүүс болохоор юм шиг. Энэ бол заяагдмал газар зүйн нөхцөл. Монголын өнөөдрийн газар нутаг 2.6 сая хүнд багадах нутаг биш ээ.
Миний ухаарч байгаагаар хүний оршихуйн үндэс нь байгаль, хүн хоёр төгс төгөлдөр зохицсон цагт л оршихуйн нөхцөлийн тухай асуудлыг ярьж болно. Энэ нөхцөлд монгол хүн дөрвөн цагийн улиралдаа хатаагдсан хүн байгаа юм. Монгол хүн Энэтхэгт очсон ч зүв зүгээр, Аляскт очиход, Японд очиход ч зүв зүгээр. Иймээс монгол хүн бол дэлхийг цаг уурын онцлогт хатаагдсан. Энэ бол бидний хамгийн том давуу чанар гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр ямар ч арга байхгүй. Нөгөө нэг давуу чанар бол уламжлалт аж ахуй эрхлэлт, соёл иргэншил. Энэ иргэншил нь монголчуудыг ертөнцийг танин мэдэхүйн дээд хүрдэд аваачсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, таван хошуу малтай ноцолдсоныхоо хэрээр байгальтайгаа хэрхэн зохицох вэ гэдэг дээд мэргэн ухааныг монголчууд эзэмшсэн гэж ярихад ерөөсөө буруудах юм байхгүй.
Монголчуудын энэ суурь ухааныг орчин цагийн дэлхийн шинжлэх ухааны хэлээр хэчнээн зуун жил нээх гээд ноцолдоод байгаа зүйл Монголын жирийн малчны ой ухаанд оршмол, нээгдчихсэн байж байгаа. Байгалийг танин мэдэх, байгальтай зохицон амьдрахдаа бусад үндэстнээс хамаагүй хол тасарсан давуу чанартай. Японы аж ахуй хөтөлж ирсэн олон мянган жилийн туршлагатай харьцуулъя. Тэд цагаан будаа тарьдаг анжистай, түүнээ урагш түрээд газар хагална. Тэнд арагшаа эргэж эзнээ мөргөх юм уу өшиглөнө гэсэн ойлголт байхгүй. Гэтэл монгол хүний хэчнээн мянган жилийн амьдралд адуу мал байна. Ямар ч монгол хүн морины урд хоёр хөлийг тушихдаа хойд хоёр хөл хаашаа хөдлөх вэ гэдгийг шууд тооцоолсон байдаг. Хөдөллөө л бол босно, босох л юм бол өшиглүүлэхгүй гарч чадна. Хөдөлгөөний энэ генетик бол өөртэй нь эсрэгцэж байгаа аливаа амьд биет монгол хүнтэй харилцаанд ороход монгол хүн тэр хөдөлгөөний хариултыг бодолгүйгээр бие нь шууд хариулах өндөр чадварт хүрсэн байна. Энэ давуу чанараа ашиглаад хүнтэй харилцдаг бүх спортод алтан медаль түүх боломжтой. Бокс, бөх гэх мэтчилэнд. Спортод энэ генетик уламжлалаа ашиглан амжилтанд хүрэх боломжтой.
Давуу чанараа үргэлж зөв тооцох ёстой гэж би бахархлын тухайд хэлмээр байна. Би соёлын хүн учир соёлын талаас нэг жишээ татъя. Уртын дуучин С.Норовбанзад гуай АНУ-ын Нью Йорк хотын Броадвэй гээд дэлхийн үзвэрийн төвд 1 цаг 40 минут дуулах тоглолтыг бид зохион байгуулсан. Америкийн хамгийн том хөгжмийн эрдэмтэй хүмүүс ирсэн. Тэгээд тэд монгол хүний дуулах арга ухаан, гаргадаг чадвар нь үнэхээр хосгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарсан. Дуурийн урлаг бол дэлийн урлаг. Дуурийн дуулаачийн урлаг нь дэлхийн дуулаачийн урлагийг толгойлж байгаа юм. Тэр нь амаа их том ангайж дуулдаг урлаг. Л.Поварритти гээд л гайхамшигтай дуучид амаа их том ангайж дуулдаг шүү дээ. Гэтэл С.Норовбанзад гуай амаа том ангайхгүйгээр үл барам бараг уруулаа нээхгүйгээр дуулахад тайзанд өлгөөтэй чийдэнгийн бүрхүүл чичирдэг, тийм хүчтэй хоолой гаргаж байгаа юм. Энэ бол монгол хүний давуу чанар. Дуурийн өлгий италичуудаас монгол хүн дээр юм байна гэж яриад байвал бас буруу тийшээ яваад байна аа. Асуудал нь юунд байна гэдгийг тайлбарлая. Италийн завиар явдаг Венец хотод таксины жолооч нь завьчид. Тэднийг вандилерүүд гэдэг. Хэчнээн мянган жилийн турш ингэж л хүн тээвэрлэсэн. Тэдний дуулдаг дууны арга нь одоогийн дуурийн дуучдын амаа том ангайж дуулдаг арга байгаа юм аа. Үүнийг Европынхон дуурийн дуулаачдын дэг сургууль болгож авъя гэж шигшиж үлдээсэн. Учир нь далайн түвшинтэй ойрхон байх тусам агаар нягт байдаг. Нягт байх тусам дуу очих хурд саардаг. Тийм учраас дээр үед таксины жолооч нар “чи хаана байна” гэж хашхирах, сарны гэрэлд хайртай хүнтэйгээ болзоо тогтоох, тэр дуугаараа уулздаг учирдаг, ийм л уламжлал байгаа юм. Ингэж хоолойгоо задалж дуулж байж нөгөө байшингийн цаана байгаа завьчиндаа хүрдэг. Далайн түвшинд ойрхон байгаа нягт агаарт хүрдэг хойлойн зарчим бол энэ. Үүнийг нээлттэй театр эхэлж байгуулаад, дараагаар нь Европчууд байшин доторх театр байгуулсан байдаг.
Дэлхий дээр хоёр үндсэн дэг сургууль байна. Хоолойгоо сайн тэлж дуулдаг Италийн арга, багалзуураа шахаж дуулдаг талын соёл буюу Монголын уртын дууны арга байна. Монголын уртын дууны энэ аргыг дэлхий дахинд Таван толгой, Оюу толгой шиг одоо л нэг том уурхай руу нь орж эхлэх гэж байна. 1980-аад оны үед дуучин н.Нэргүй “Энигма” гэдэг дуу дуулсан. Европын рок хөгжим ритмийнхээ түвшинд өөрийн бүх нөөцөө шавхсан. Ритм нь Европын хэмнэлтэй таардаггүй тийм дуу хайгаад байхаар манай дучин н.Нэргүйн дуу таарсан байдаг. Энэ дууны CD-гээр 25 сая ам.доллар олсон байх жишээтэй. Уртын дуу, ерөөл магтаал, хөөмий энэ бүгд Оюу толгой, Таван толгой шиг монгол хүн дотор байгаа их үүц юм. Энэ нь асар их ухаан, асар их мөнгө хадгалагдаж байна гэсэн үг. Цаашдаа дэлхий гарцаа байхгүй монгол уртын дууны арга руу явж орно. Тэр үед нь бид хадгалсан өвлөсөн байх ёстой. Энэ бол бидний үүрэг. 30 жилийн дараа Павораттагийн зээнцэр 20 мянган доллар төлөөд монгол уртын дууны сургуульд суралцах боломж бий. Ийм давуу чанараараа бид бахархах ёстой. Энэ бахархлаа бид монгол хүн үнэхээр бурхнаас заяасан эрдэнэ учраас үүнийг зохиочихсон гэвэл бас худлаа. Энэ бол өнөөх л байгаль, өнөөх л амьдрал ахуй, өнөөх л ёс суртахуун, зан заншил тэр уртын дуу гэж дийлдэшгүй өв санг бүтээсэн байгаа. Монгол газар нутгийн уртын дуу дэлхийн түвшинд давтагдашгүй дэг сургуультай. Жишээ нь, агаар сийрэг талын дуу дороос эхэлж байж, нар хүртэлх орон зайг эзэлнэ гэсэн агуулгатай. Шууд уулсын оройд дуугаа цацаад тэр дуугаараа эгшгийн гүн ухааныг илэрхийлдэг маш том сан хөмрөг юм.
Иймд Монголоороо бахархахын тулд монгол хүн болж үлдэх хэрэгтэй. Үндэстэн хэдийд оршин тогтнож чадах вэ гэвэл хоёр л зүйлээр оршин тогтнож чадна гэж би боддог. Нэгдүгээрт, бусад үндэстний явж байгаа хурдаас сэтгэлгээний түвшинд ч, технологийн түвшинд ч аль болохоор хоцрохгүй байх ёстой. Хоёрдугаарт, тэр үндэстэн хүнийхээ хувьд уг чанараа алдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр л бид монгол хүн байх ёстой. Хэчнээн сайн компьютерчин, англи хэлтэн байлаа гээд тэр бол үндэстэн оршихын баталгаа биш. Сайхан монгол хүн гэдгийг өнгөцхөн бодож, ойлгож болохгүй. Гадна талын хэлбэр төдий нэг их том хөөрөг бариад, дээл өмсөөд, монгол гутал өмсөөд алхахаа монгол болж байна гэж эндүүрэн бодож болохгүй. Толгой нь монгол байх хэрэгтэй, гадна талдаа жийнс өмсөж болно шүү дээ. Иймээс миний үргэлж бодож бас ярьдаг, судалдаг сэдэв бол сэтгэлгээний аюулгүй байдлын асуудал юм. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, газар нутгийн аюулгүй байдал гэж ярьдаг боловч сэтгэлгээний аюулгүй байдал гэж ярихгүй байна. Хэдэн мянган жилийн монгол уламжлалт сэтгэлгээнд ямар нэгэн эвдрэл, хувьсал орсон цагт л монгол хүн гэдэг утга чанараа алдана. Иймээс сэтгэлгээний аюулгүй байдал гэдэг мэдэгдэхгүй мөртлөө хамгийн ноцтой асуудал болж байна.
Би Орост 8 жил сурсан. Сүүлдээ за байз, энэ үгийг монголоор юу гэдэг билээ гэсэн бодол орж ирдэг. Оросоор сэтгэж эхлэх гэж байна аа даа. Энэ нь гадны оронд суралцаад эрдэмжиж байгаа боловч сэтгэлгээнд “чи монгол хүн мөн үү” гэсэн логик дохиолол өгч эхэлж байна гэсэн үг. Өнөөдөр монгол туургатнуудын дунд хоорондоо орчуулгагүй ярьдаг нь зөвхөн монголчууд. Халимаг монгол, Өвөр монголын хорчин монгол хоорондоо орос эсвэл хятадаар орчуулгатай нэвтрэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хоёр монгол хүн уулзаад харийн хэлээр орчуулгатай нэвтрэлцэж байна. 1987 онд Өвөр монголын алдарт дуучин н.Лхаасүрэнтэй уулзаж ярилцсан юм. Тэгэхэд нэг л бие биенээ сайн ойлголцож өгөхгүй байсан. Тэгээд “Багш аа, би таныг нэг л сайн ойлгохгүй байна. Та хятадаар л яриад байх шиг санагдаад байна” гэсэн чинь Лхаасүрэн багш ч бас намайг сайн ойлгохгүй байна, чи оросоор яриад байгаа юм шиг санагдаад байна гэсэн. Лхаасүрэн багшид миний яриа орос үгтэй, орос логиктэй орж ирээд байдаг, надад багшийн яриа хятад логиктой орж ирээд байна гэсэн үг. Ингээд монголчууд бид бие биенээ ойлгохгүй болж эхэлж байна. Ар монголчууд бид дотроо одоохондоо орчуулгагүй ойлголцож байна.
Тэгэхээр монгол туургатан, нийт монгол үндэстний авралын гал нь голомт сахисан бид нар юм. Энэ нь бүх монгол үндэстнийг дахин нэгтгээд Америкийн эсрэг босъё гэсэн санаа огт биш. Хуваарьтай хуваарьтай газраа, үндэстэн үндэстэн байя л гэсэн санаа. Хятадын паспорттой монгол хүн Хятадын иргэн боловч монгол хүнээрээ байя л гэсэн үг. Буриадад байгаа монгол хүн Оросын иргэн боловч буриад монгол хүн хэвээрээ л байя гэсэн санааг би яриад байна. Афганистанд байгаа, Орост байгаа, ер нь хаана ч байгаа монгол хүн монголоороо л байя гэж хүсэх юм бол тэднийг монголоор нь байлгах хариуцлага тань дээр, над дээр бууж ирээд байгааг ойлгох хэрэгтэй. Бид л урагшаа яваад байвал гадаадад байгаа тэд монголоороо үлдэнэ гэсэн үг.
Бахархлын тухай дахин давтан дүгнэж хэлэхэд, бахархал гэдэг бол бусдаас илүү чанар биш, онцгой чанар гэдгийг л залуучууд сайн бодох хэрэгтэй. Хүн бүхэн өөр гэж би ярианыхаа эхэнд хэлсэн. Хүн бүхэн давтагдашгүй өөр гайхамшигтай юм бол миний чадахыг хэн ч чадахгүй. Чиний чадахыг хэн ч чадахгүй. Энд л хүний хамгийн гайхамшиг нь оршиж байна. 1980-аад оны үед “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг надаас өөр хэн ч ингэж бичиж чадахгүй гээд хэлчихсэн чинь “биеэ тоосон амьтан” гээд жаахан шүүмжлэлд өртсөн. Миний хэлсэн санаа бол миний хийж чадах зүйлийг хэн ч яг над шиг хийж чадахгүй, чиний хийж чадах зүйлийг би яг чам шиг хийж чадахгүй л гэсэн логик санаа байгаа юм.
Хамгийн хэцүү зүйл юу вэ гэхээр, таны бүтээснийг хэн ч чадахгүй, миний бүтээснийг хэн ч чадахгүй учраас хийж чадах зүйлээ олох л юм даа. Хүмүүс түүнийгээ олж чадахгүй л баларч байна. Олчих юм бол од болоод явна. Тэр од болж байгаа хүмүүс өнөөдөр цөөн байна. Угтаа таны хийж чадах зүйлийг өөр хэн ч чадахгүй учраас бүгдээрээ од болох боломжтой юм. Ганцхан чи л хийж чадах, хэзээ ч давтагдашгүй нэг л нандин зүйл байгаа. Түүнийгээ л олж чадахгүй баларч яваад архичин, тамхичин болоод шорон оронгоор яваад байна. Олохын тулд их олон даваа давна. Зүгээр явж байгаад за чи азтай, дэлхий дээр хамгийн сайн хуушуур хийх юм байна гэдэг ойлголт байхгүй. Дэлхийд од болохын тулд нэлээд хэдэн даваа давна. Ямар ч байсан эхний гурван суурь давааг зайлшгүй давах хэрэгтэй болно.
1. Хүмүүжилтэй байх: Хүмүүжил гэхээр Сухомлинскийг л бодох хүрээнд ойлгож болохгүй. Ерөөсөө ямар хүн болж төрөв өө гэдгээ ухаарахыг хүмүүжилтэй боллоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, “Би хэн бэ” гэдгээ нээж, ойлгох, олох даваа юм. Энэ бол хамгийн анхны, хамгийн суурь, хамгийн хэцүү даваа. Би ч даваагүй л явж байна.
2. Боловсролтой болох: Өөрийгөө мэдэхийн хажуугаар ертөнц дээр болж байгаа зүйлийн талаар тойм ойлголттой болох даваа юм. Энэ хоёр давааг заавал давах ёстой. Даваагүй цагт бахархах зүйл байхгүй. Бахархал бол бахархал биш байна. Энэ хоёрыг даваагүй цагт үндэсний бахархлаа олж харахгүй. Олж харсан ч үнэнээр нь олж харахгүй.
3. Гэгээрэл: Зайлшгүй хүнд хэрэгтэй. Чадлынхаа хэрээр гэгээрэлд хүрэх хэрэгтэй. Гэгээрэлд хүрэх зам бол өгөөмөр байх явдал юм. Өгөөмөр байгаа хүн бол гэгээрэлд их ойрхон байна. Эцэг эхдээ, багшдаа, найз нөхөддөө, гудамжинд таарсан хүндээ өгөөмөр хандах. Шоргоолж шиг олон хүн дотор гудамжинд зөрөөд өнгөрөх хүнтэй ч гэсэн чи учралаар л зөрж өнгөрч байгаа гэж Бурхан багшийн сургаалд байдаг. Учрахгүй хорвоог орхиж байгаа хэдэн мянган хүн бий, гэтэл нэг танхимд, нэг дор уулзана гэдэг бол Бурханы учралаар, тэнгэрийн заяагаар болж байгаа харилцаа юм. Учирч байгаа бүхэндээ өгөөмөр хандаж харилцах юм бол гэгээрэл алган дээр чинь байна гэсэн үг. Гэгээрнэ гэдэг бол заавал Далай лам шиг гурван настайгаас эхэлж шавилан суухыг хэлэхгүй. Өгөөмөр байхыг л гэгээрэлд хүрэх зам руугаа орчихсон байна гэж ойлгож болно. Өгөөмөр байхын ганц жишээг би энд хэлье. Украйны Киев хотод сурч байхдаа би оюутны байранд амьдардаг байлаа. Манай байрны хажууд хүнсний зах байдаг байсан. Тэр зах дээр хоёр хөлгүй, тэргэнцэр дээр гараараа түрж явдаг, буржгар үстэй их сайхан украйн залуу дандаа сууж байдаг байлаа. Хүмүүсээс мөнгө гуйгаад, пиво уудаг. Тэр хүнийг би анх хараад л гэгээн хүн байна гэж мэдэрсэн. Ингээд би зах руу орох болгондоо түүнд 20 коппейк өгдөг байсан. 1970-аад оны 20 коппейк гэдэг бол 3 шил пивоны үнэ. Би оюутан учраас өдөр бүр зах орж чадахгүй, гурав хоноод л хэдэн төмсөө авах гээд зах руу орно. Намайг орохоор над руу хараад инээдэг, би 20 коппейкээ өгдөг, ингээд 3-4 жил болоод эх орондоо ирлээ. Намын төв хороонд ажиллаад, Хөгжмийн зохиолчдын холбоонд машин унадаг дарга болчихов оо. Хөдөөнөөс нэг хүн хүүхэддээ хонины мах явууллаа гээд том ачааны машинаас аваад хөдлөхөд ардаас нь том машин 7-8 метрийн зайтай ороод ирсэн. Яг тэр агшинд, сургууль төгссөний дараа 5 жилийн дараа шүү дээ, тэр залуу машин болж харагдаад Направа, Направа (баруун гар тийш) гэж хашхирсан. Машин өнгөрлөө, би ингээд харсан чинь яг машины дөрөөлдөг тавьцных нь дор хэвтэж байгаа байхгүй юу. Тэгээд л би жолоочийг нь дуудаад, би дайруулаагүй чи надтай хамт яв, II эмнэлэг дээр үзүүлье гэсэн. Тэр үед манай жолооч харахдаа ерөөсөө л яг дайрууллаа гэсэн чинь гялс гээд алга болсон гэсэн. Бид хүүхэд цагаасаа эхлээд шашингүйн үзэлтэй өссөн. Ертөнцийн хүний учралын утга учрыг тайлбарлахдаа шашин талаас нь тайлбарлаад байснаас биш шүтэлцээ барилдлагагүй зүйл гэж байдаггүй гэдгийг тэр бүр ухаарч амьдарч чадахгүй байна. Энэ удаа амьд гарсан тохиолдлыг тэр залууд би өгөөмөр хандсаны хүчинд эргээд тэр залуу надад өгөөмөр хандлаа гэж ойлгосон. Тэр залуу намайг гарцаа байхгүй аварсан. Үүнийг би Бурханы өмнө ч хэлж чадна. Иймээс өгөөмөр байх гэдгийг далай гэж ойлгох ёстой. Сайхан царайтай, муухай царайтай байх эсэх нь хамаагүй өгөөмөр л байх юм би дундаршгүй далай л гэж өөрийгөө ойлгох ёстой.
4. Ариусах: Ариусгал руу дөхсөн хүн бол үхэл нь зовлон биш болно. Үхлийн тухай бодоход зовлон болон айдас биш болно. Хүн ариусал руу тэмүүлж байж тайван амгалангаар мөнх бусыг үзнэ. Ариусалд хүрсэн хүн харам сэтгэлийг ертөнц дээр орхидоггүй. Харам сэтгэл их олон жилийн сүүдэртэй байна.
Эцэст нь хэлэхэд, Л.Толстойг унш, Л.Ванганы жүжгийг үз гэж би залуучууд та нарыг шахахгүй. Хүн байхад, монгол хүн байхад энэ л хэдэн зүйлийг эхний ээлжинд шингээж, тусгаж авч амьдраасай л гэж хүсмээр байна.
http://www.mongoliandream.mn/i