Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 3)
“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.ЦЭНДМАА:
![](http://www.mongoliandream.mn/images/stories/2010/busad/tsendmaa.jpg)
Өнөөдөр та бүхэнтэй тэмүүлэл гэж юу болох, монгол хүний тэмүүлэл юу байх, түүнд хүрэхийн тулд ямар ухаан, арга зам эрж хайх вэ гэдэг тал дээр санал бодлоо солилцон ярилцъя гэж бодлоо. Улс орнуудын хөгжсөн түүхийг аваад үзэхэд ард түмнээ нийтлэг зорилго, тэмүүлэлтэй байхад зангидсан туршлага ажиглагддаг. Жишээ нь, АНУ-ын түүхийг судлаад үзэхэд ард түмэн нь хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж, алс ирээдүйгээ маш тодорхой харж чадсан нь анзаарагддаг. Тэрхүү хүсэл тэмүүлэл нь “Дэлхийд тэргүүлэх” байжээ. Япон орон технологийн хаан болох тэмүүллээ өнөөдөр бараг биелүүлээд байна. Солонгос орон ч ялгаагүй 40 жилийн өмнө үгээгүй ядуу, колоничлолын дараах сүйрсэн балгас мэт амьдралаа өөрчилж “Бүгдээрээ сайхан амьдарцгаая, бид ч гэсэн чадна” гэдэг тэмүүлэл өвөрлөн эрт босохоос эхэлсэн “Шинэ тосгоны хөдөлгөөн” өрнүүлснээр өнөөдрийн өндөр хөгжилдөө хүрч, хүсэл тэмүүллээ биелүүлж явна. Эндээс хүсэл тэмүүлэл бол ухралтгүй урагшлах хүчний хөшүүрэг гэдэг нь харагдаж байна. Тодорхой зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хүн бүр тэмүүлэн өөрийгөө хөгжүүлэх хичээл чармайлтын үр дүнд үндэстэн нь хөгжиж, дэлхийд өөрийн гэсэн орон зай, байр сууриа эзэлж чаджээ. Ард түмэн нэгэн сэтгэлээр нэг зүгт чиглээд ирэхээр хөгжил гэдэг зөв голдрилдоо ороод маш хурдацтай явагдаж, ард түмний амьдрал хүссэн түвшиндээ хүрч чаддагийг эдгээр жишээнээс бэлхнээ харж болно.
Тэгвэл монголчууд бидний тэмүүлэл юу байх вэ? Үүнийг бид өнөөдөр ярилцаж байна.
“Миний уг санаа нийгэм түвшин болгохыг эрсэн буй за. Олон улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу амар болбоос барвай”, “Мөнх тэнгэрийн хүчин дор наран мандахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно“ хэмээн тэнгэр язгуурт их өвөг дээдэс маань тэмүүлж иржээ. “Энэ тэмүүллийг биелүүлэх монгол хүн бүр Мөнх тэнгэрийн элч билээ” гэж монгол хүний үнэ цэнийг бас тодорхойлжээ.
Хар толгойгоо хайрлахгүй
Халуун цусаа гамнахгүй
Хамхих нүдээ ирмэхгүй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шүлсний хөөсөөр ундалж
Шүдний махаар хооллож
Магнайн хөлсийг гоожтол
Мацан чармайн явж
Монгол гэдэг нэрийг дэлхий дахинаа алдаршуулж
Монголын тулгар төрийн байгуулсан түүхэн жишээ бол Чингис хаан ажээ. Энэ хүн монгол хүний үнэ цэнийг жинхэнэ утгаар нь нээн харуулж, монгол түмний тэмүүллийг биелүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулаад өөрт тохиолдсон нэгэн үйл явдлыг та бүхэнтэй хуваалцъя. Солонгост Сөүлийн их сургуульд суралцаж байхдаа Монгол орноо сурталчлах зорилгоор “Аугаа үндэстэн” сэтгүүлийг солонгос хэл дээр гаргалаа. Сэтгүүлийнхээ нэгэн дугаарын зочноор “Хожмын үеийн Чингис хаануудад зориулав” гэсэн титэм үгтэй “Их шуурганаар сийлэгдсэн түүх”, “Мянган жилийн түүхэн хүн” зэрэг Чингис хааны тухай номууд бичсэн Ким Жон Рэ гэдэг алдартай зохиолчийг урьсан юм. Та яагаад Монголын түүх судлах болсон юм бэ гэсэн асуултанд минь тэрбээр “Танай түүхээс би төрсөн учраас” хэмээн тун товчхон хариулаад, бидэнд үнэ цэнээ эргэж бодох сургамж бүхий бяцхан түүхээсээ хуваалцсан юм.
1960, 70–аад онд Солонгост улсын байдал хямралтай, ард түмний амьдрал ядуу тарчиг үед ээжтэйгээ амьдардаг 12 настай бяцхан хүү Ким Жон Рэ Сөүлээс 100 орчим миллийн зайтай хөдөө тосгоноос эрдэм номд суралцахаар ээжээ орхиод, Сөүлийг зорьжээ. Хөдөө тосгоны ядуу зүдүүхэн, тарчиг амьдрал дунд төрж өссөн бяцхан хүүг гэрээ орхин, эрдэм номд суралцахаар их хотыг зориход ээж нь жаахан л мөнгө өгчээ. Тэр мөнгөөр ганцаардах юм уу гэрээ санах үедээ ном худалдаж аваарай, тэр номын дотор ээж чинь бий гэж захисан гэнэ. Нэгэн удаа сэтгэлээр унаж гундан явахдаа ээжтэйгээ уулзахын тулд ном худалдан авчээ. Тэр нь “Бяцхан Тэмүүжин” гэдэг ном байж. Уншаад үзтэл амьдралдаа өөрийн эрхгүй тусгаж авах тийм туршлагыг олж харсан аж. Есөн насандаа эцгээсээ өнчирч, дагаж нөхөрлөсөн хөрш айлууд нь хаяад нүүхэд сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр дагуулгүй, хулгана зурмаар хооллож явсан бяцхан хүү Тэмүүжингийн тухай уншсаар байтал сүүлдээ дэлхийн талыг эзэлсэн Их Монголын хаан болжээ. “Ямар гайхалтай амжилт гаргав аа, би бас чадахгүй юм уу, миний амьдрал ч гэсэн Тэмүжингийнхтэй төстэй байна. Тэмүүжин шиг дэлхийн талыг эзэлсэн амжилтанд хүрдэггүй юм гэхэд Солонгос орондоо сайн үйл бүтээгээд ард түмэндээ тустай хүн болох арга зам бий биш үү” гэж тэр өөртөө хэлсэн байна.
Бяцхан Тэмүүжин хүү ядуу тарчиг, найз нөхөдгүй байхдаа хаяад явсан иргэдээ нэгтгэнэ, сайхан өвөг дээдсээс өвлөж ирсэн хаан язгуурт төр улсаа төвхнүүлнэ, би ирээдүйд Хамаг Монголын хаан болно гэдэг аугаа тэмүүллийг өөртөө бат шингээж явсан. Тэр тэмүүлэлдээ хүрэхийн тулд тулгарсан саадыг шүд зуугаад давсан, өөртөө тэсвэр тэвчээр суулгасан, үлгэрлэн манлайлж байж хамт зүтгэх нөхдөө бүрдүүлж чадсан. Бүрдсэн багаа хамтын хүчээрээ Монгол гэдэг гүрэн улсаа төвхнүүлье гэдэг тэмүүлэлд нэгтгээд маш хурдтай ажиллаж эхэлсэн. Хурдтай ажиллаж зорилгодоо хүрэх явцдаа нэгдэн нягтарч, нэг хүн шиг ажиллаж чадаж байжээ. Өөрөөр хэлбэл,
1. Аугаа тэмүүлэл
2. Зөв үзэл баримтлал
3. Хурдтай гүйцэтгэл
4. Эв нэгдэлтэй багийн ажиллагаа. Ийм л дөрвөн зарчмыг ягштал баримтлан ажилласнаараа бяцхан Тэмүүжин Хамаг Монголын хаан болжээ. “Ингэж л би амьдралаа эхлээд одоо Монголоос чи надаас сурвалжлага авахаар ирэх хүртэл хэмжээнд томорсон. Монголын түүхээс би ийм том хүн болж төрсөн” хэмээн Ким Жон Рэ хуучилсан билээ. Тэрбээр “Монголын түүх бол аугаа хүсэл тэмүүлэл болон амжилтанд хүрэхэд сургах үнэт баялаг” хэмээн дүгнэж билээ.
Эндээс үзэхэд, өвөг дээдсийнхээ ур ухаанаас суралцах гэдэг асар чухал байгаа биз. Морь унах, илд барихаас хэтрэхгүй тийм хязгаарлагдмал нөхцөлд бидний өвөг дээдэс ямар аугаа үйлс бүтээж вэ гэдгийг бид мэднэ. Морины хурд интернэтээр солигдсон ийм үед бид тэднээсээ илүү үсрэнгүй амжилт гаргах боломж байгаа юм биш үү. Тэр боломжийн үндэс суурийг бид хаанаас олж авах вэ? Түүхээсээ, уламжлалаасаа. Амжилт гаргаж ирсэн аугаа хүмүүсийнхээ үлгэр загварыг сургамж болгон судалж, өөртөө тусгаж аваад, түүн дээрээ орчин үеийн мэдээлэл технологи, мэдлэг, гадаад, дотоодын эрдэмтэн мэргэдийн их арга ухаанаас суралцан цогцлоовол бүр хоёр дахин илүү байж чадна. Тийм боломж бий. Түүхэн их хүний амжилтанд хүрсэн нууц болох аугаа тэмүүлэл, зөв үзэл баримтлал, хурдтай гүйцэтгэл, эв нэгдэлтэй багийн ажиллагааг шингээгээд авчих юм бол эндээс л монгол хүний хөгжил, Монгол орны хөгжлийн зөв суурь тавигдаж эхлэх юм.
Өнгөрснөө үгүйсгээд эсвэл мартаад, зөвхөн өнөөдрийг яриад байвал бүхэл бүтэн зүйлийн нэг хэсгийг нь орхин суурьгүй байшин барих гээд байгаатай адилхан. Монгол Улсаа хөгжүүлэхийг байшин барихтай зүйрлэвэл бат бөх суурь болох их ухааныг орхигдуулж болохгүй. Бидний өвөг дээдэс Монгол гэдэг улсыг газар нутагтай, баялагтай, тусгаар тогтносон төр засагтай нь бидэнд хэрхэн өвлүүлж чадав аа? Өнөөдөр шиг интернэт байхгүй, машин байхгүй тэр үед ямар хурд, хүчээр дэлхийн талд хүрэх тийм өрсөлдөх чадварыг бий болгож чадав аа? Өвөг дээдэс, Чингис хаанаа мухар сохроор тахин шүтэх эсвэл хоосон бардамнах маягаар хандах огтоос хэрэггүй. Харин яаж тийм амжилтанд хүрэв, тэр амжилтаас би яаж суралцах вэ, тэр үед хийж чадсанаас илүүг хийх ямар боломж байна гэдэгт хүн бүр маш ухамсартайгаар хандаж суралцах нь зүйтэй болов уу.
“Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай, үндэс гэдэг бол үр хойч юм. Үр хойчийн маань сэтгэл зөв байвал улс үндэстэн хөгжин дэвжиж явах заяатай” гэсэн мэргэн сургаал байна. Өнөөдөр Монгол орныг хөгжүүлнэ гэдэг дээр валютын нөөц, улсын төсөв, эдийн засгийн хөрөнгө оруулалт, ашигт малтмал, аялал жуулчлал зэрэг гадаад талын хөгжлийн асуудлуудыг голлон яриад байх юм. Гэтэл байшингийн суурь болсон уламжлалаас урган гарсан хүний хүмүүжил, төлөвшил, хөгжлийн асуудал орхигдоод байна уу даа. Тийм учраас бид “Монгол тэмүүлэл” аяны хүрээнд “сайхан монгол хүн төлөвшүүлэх”-ийг хөндөж, өвөг дээдсийн сайхан ухааныг өвлөн тээж яваа, ард түмний бахархал болсон, хүндэтгэл хүлээсэн эрдэмтэй сайхан хүмүүсийг оролцуулж, “Монгол ухаанаар хөгжихүй” гэдэг цуврал лекцийг “Боловсрол суваг” телевизтэй хамтран явуулж байгаа. Гол утга учир энд л байгаа юм.
Хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийг эрхэмд үзэж байгаа зах зээлийн нийгэмд бид өнөөдөр Америк менежмент нэвтрүүлнэ гэж туйлширч байна. Мэдээж судалж суралцах нь зөв. Гэхдээ айлаас эрэхээр авдраа уудал гэж сургамжтай үг бий. Бидний суралцаад байгаа Америк менежмент өөрөө Чингис хааны менежментийг судалж байгаа шүү дээ. Учир нь Чингис хааны менежмент бол хамгийн шалгарсан, амжилтыг нь хэн ч эвдээгүй дэлхийн оргил рекорд. Чингис хааны үйл хэргээ төлөвлөж, зохион байгуулж, хянаж, урамшуулдаг байсан систем, удирдахуйн ухааныг тэд судалж байна. Өөрт байгаа соёл, уламжлал дээрээ бусдын ухааныг хуулбарлан дуурайж, туйлшрахгүйгээр найрсуулан цогцлоож монгол гэдэг арга ухаанаар хөгжих тухай би өмнө ярьсан. Монгол хүний үнэт нандин чанар, хүний мөс, унаган онцлог, өөдөө цогиж тэмүүлсэн хүчирхэг тэмүүлэл, түүнийгээ бодитоор хийсэн хэн ч эвдэж чадаагүй амжилтын рекордыг эргэн суралцъя. Их өвгөдийнхөө бүтээснээс илүүг хийх тэмүүллийг хүн бүр бий болгоё. Мөрөөдөөд суулгүй тэмүүлж, хурдтай ажиллая. Тэр даруйд өөрөөсөө эхлээд, бусадтай хамтран ажил болгодог багийн ажиллагааг зохион байгуулъя.
Монгол тэмүүлэл бол нийт монголчуудын хөгжлийн төлөөх оролцоог дэмжих санаачилга юм. Ард олны хөгжлийн оролцоог яаж идэвхжүүлэх вэ гэдэгт тэмүүлэлтэй амьдарцгаая гэдэг хөшүүргийг л бид хийж байгаа. Монгол хүн бүхэнд маш их хүчин чадал бий. Үүнийгээ хэр нээж олоод, хэр хэрэглэж чадаж байна вэ гэдэг харин бодож тунгааж, цэгнэж үзэх ёстой асуудал. Дэлхийн хаана ч монголчууд бидний хүлээн зөвшөөрөгддөг нэг чанар бол орчин нөхцөлдөө дасан зохицсоноор ажлын үр дүн бүтээмж өндөр гаргадаг чанар. Энэ боломж давуу талаа нээж, хийж бүтээх үйлст зориулах оролцоо, тэмүүллийг бадрааж өгөх хөшүүрэг манайд ихээхэн үгүйлэгдэж байна. Ард түмнийхээ хүчин чадлыг нээж, эх орныхоо төлөө хийж бүтээх хүсэл тэмүүллийг сэрээж өгөх юмсан гэсэн санаачилга бол монгол тэмүүлэл юм. Монголоо гэсэн сэтгэлтэй, эх орноороо бахархаж хайрлаж явдаг, ард түмэндээ хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн маш олон хүний санаачилгаар “Монгол тэмүүлэл” аян өрнөж эхэлсэн. Олон хүний санал дэмжлэг, урмын үгээр тэжээгдсэнээр цаашдаа үндэсний хөдөлгөөн болон өргөжих хүсэл зорилготойгоор ажиллахад хүрээд байгаа.
Иргэний нийгмийн оролцоонд далайцтай үүрэг гүйцэтгэж, ТББ-уудын хамтын ажиллагааг хөгжлийн төлөө, ард түмний бүтээлч үйлсийн төлөө дуудан манлайлж ажиллахыг бид зорьж байна. Энэ ажил маань манай ард түмний уламжлалт хөгжлийн философид суурилж байгаа. Мөрөө шинжээд биеэ зас. Өнөөдрийг хүртэл би юу хийж явав, цаашдаа юу хийж болох, ямар чадал чадвартай хэн юм бэ гэдгээ нээж олохоор гарцаагүй бахархалтай сайхан монгол хүн гэдгээ танина. Ингэж мөрөө шинжээд биеэ засчихсан хүний дараагийн алхам нь гэрээ засах. Судлаад шүүгээд үзэхээр үе үеийн өвөг дээдсийн хийж бүтээсэн сайн үйлээр тэжээгдсэн, сайхан монгол соёл заншлыг өвлөж авсан, монгол орны гал голомт болох сайхан гэр бүлийг бэхжүүлэн авч яваа гэдгээ ойлгоно. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Төрөө төвшин амгалан байлгахад иргэн хүн би ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээж, ямар хариуцлага биелүүлж, ямар оролцоотой явах юм бэ гэдгээ ухамсарлана. Төрөө төвхнүүлнэ гэхээр заавал том удирдагч бол гэсэн үг биш. Төрийг тогтвортой, хямралгүй амгалан байлгах, нийгэмдээ зөв соёл бий болгох сайн иргэн нь байх оролцоог л ингэж томъёолон хэлж байгаа юм. Эцэст нь дэлхийд гаръя. Монгол хүний өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд хүргэе. Дэлхийн хэмжээнд амжилт гаргаад Монголын нэрийг зөв сайхнаар дуурсган авч байгаа ахан дүүс минь олон байна. Дэлхийд хэн ч амжилтыг нь эвдэж чадаагүй их хааны үр удам гэж өөрсдийгөө бахархалтайгаар таниулж, нэр хүнд алдрыг цуурайтуулж явна гэдэг бол хүн төрөлхтний хийж бүтээх амжилтын оргилд бид бас дуурсагдан явах оролцоо байх юм. Мөрөө шинжээд биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Төрөө төвхнүүлээд дэлхийд гар. Зөв эрэмбэ дараатай хөгжлийн баримтлал. Энэ философиор л манай дээдэс зөрчил хямрал, хуваагдал, үл ойлголцолгүйгээр эвлэлдэн нэгдэж, хурдтай хүчтэй байж ирсэн. Энэ бол монгол тэмүүлэл.
Бид хөгжих ёстой гээд хүн бүр өөрийн дураар тэнд ч очиж газраа сэндийлээд, энд ч хэрүүл хямрал үүсгээд явахаас урьтан яавал би зөв амьдрах вэ, гэр бүл, хамт олон, сургууль, нийгэмдээ нэрмээс биш нэмэр болох юуг би хийж чадах вэ гэдэг ухамсар сэтгэлгээ төлөвшүүлэх нь мөрөө шинжээд биеэ засах буюу хөгжлийн хамгийн чухал, үндэс суурийг зөв бөгөөд бат бөх тавьж байгаа хэрэг болно. Өнөөдөр боловсролын тогтолцоогоор академик мэдлэг олгохыг чухалчлаад байна. Их мэдлэгээс өмнө сайхан Монгол орныхоо төлөө, сайхан монгол гэр бүлийнхээ төлөө гэсэн зөв сэтгэл чухал. Бусдын эрх зөрчихгүй хүндэтгэх, эвлэлдэн зохицож харилцах, залхуурч хойш суухгүйгээр санаж сэдсэнээ ажил хэрэг болгох хурдтай, хүчтэй чанар гэх мэтчилэн хүний зан суртахууны хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг орхигдуулаад байна уу даа. Хувь хүн эмх цэгцтэй, дэг журамтай, сахилга баттай, зөв тэмүүлэлтэй байж, гэр бүл нь бас тийм зарчимд үндэслэн бат тогтвортой оршиж, нийгэм нь мөн ийм соёлд хөтлөгдвөл сая сайхан Монгол орон маань хөгжих сайн хөрсөө үүсгэнэ гэж би үздэг юм.
“Хаан хүний эзэмших 35 эрдмээс хайрлах эрдэм хамгийн охь нь” гэж Чингис хаан хэлээд амьдралаараа үлгэрлэн харуулжээ. Хаан гэдэг чинь удирдагч биз дээ. Хайрлах эрдмийг охь болгон эзэмшиж байж аугаа удирдагч болоорой гэсэн санаа. Хайрлах эрдэм гэж юу вэ? Өөрийгөө хайрлаж хүндлэхээс эхлээд бусдыг, аав ээжээ, эх орноо, ард түмнээ хайрлах тэр эрдэм. Сайхан монгол хүний төлөвшил үүн дээр тогтож яригдах ёстой. Би гадаад явмаар байна, сурмаар байна гэж залуус хэлж байгаа. Яах гэж, ямар зорилгоор, ямар тэмүүллээр гэдгийг өөрөөсөө асуугаад үз. Зөвхөн мөнгө олохын тулд уу? Ким Жон Рэ гэдэг хүний захиж хэлсэн нэг үгийг бас ишлэн хэлье. “Монголчууд та нар гадагшаа зөвхөн мөнгө олохын төлөө явбал эх орон чинь хөгжихгүй ээ. Юм сурахын төлөө л яв. Гадаадад сурна гэсэн нэрээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж гарчихаад хар ажил хийх биш бүсээ чангалаад юм л сур. Сураад ирвэл олох гээд байсан мөнгийг чинь аяндаа өгчихнө”. Солонгосын хөгжсөн бас нэг түлхүүр нь залуучуудаа Америк руу илгээж сургасан нь. Тэд эх орондоо ямар нэг үйл бүтээх эрдэм олж ирсэн. Тийм учраас залуусын ухамсар, хандлага ямагт миний сурч байгаа, миний төлөвшиж байгаа бүхэн аав ээжийнхээ, ахан дүүсийнхээ, салбарынхаа, улсынхаа, ард түмнийхээ төлөө гэсэн шат ахисан тэмүүлэлд хөтлөгдөж явбал сая амьдралын зорилго их утга учиртайгаар биелэгдэх юм. Хөгжлийн энэ л үнэт ухаануудаа ухан гаргаж ирээд улам баяжуулан орчин үеийн ололт амжилттай хослуулбал бидний амжилт Чингис хааны үеийнхээс хоёр дахин ихсэх боломж, зам бий гэдэгт бүү эргэлзээрэй. Сурагч, оюутан байгаа цаг хугацаа бол өөрийгөө хөгжүүлж, олж авах алтан боломж юм шүү.
Бэрхшээл дундаас хүн өөрийгөө таньдаг. Өөдөө тэмүүлж, бэрхшээлүүдийг даван гарвал мянга түмэн цэрэг араасаа дагуулах удирдагч болдгийг харуулсан бэлхэн жишээ ард минь бий. Аугаа дээдсийн хүсэл тэмүүллийн оч гал бидний цусанд дүрэлзэж байгаа. Тэр ген бидэнд бий. Тэгэхээр юуг эрж хайх юм бэ? Хямралтай бэрхшээлтэй байгаа энэ үеийг залуучууд бид “намайг хөгжүүлэх алтан боломж” гэж хүлээн аваад, тэр дундаас өөрийгөө нээж таниад явбал хэзээ ч эрсдэлд орохгүй өмч хөрөнгөтэй үлдэнэ. Залуус та бүхэн хойч үедээ, дараагийн дамжааныхандаа, төгсөөд явахад чинь залгамжлан авах дүү нартаа ийм үлгэр загвар үлдээгээрэй. Ийм ухааныг өөртөө шингээн төлөвшүүлж аваасай. Үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж туршиж дадлагажуулаасай. Дадлагажуулсан сайн зүйлээ нэг ч атугай хүнтэй хуваалцаж, тэр хүний сайн сайхан явахад дэм тус болоосой. Энэ бол монгол тэмүүлэл.
Гэр орон муу гэж бүү хэл
Есөн насандаа ааваасаа хагацаж, нутгаасаа хөөгдөн гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч зуун мянган цэрэг эрстэй болж чадсан юм
Сурсан мэдсэн зүйл бага, хүч чадал дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч
Бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурч байлаа
Хүнд хэцүү байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтөй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгон үхээд сэхэж ч явлаа
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон
Өнгөрөн одсонтой зууралдан хоргодолгүй, ирээдүйгээ бүтээн явдаг байлаа
Мэдэж ухаартал
Дайсан гэгч гадаа байх бус харин миний дотор байдаг юм байна
Тиймээс тэрхүү төвөгтөй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах тэр агшинд Чингис хаан болсон билээ.
Дээрх үгийг санан, ирж байгаа бэрхшээл, сорилтыг ухаалгаар даван гарч, мөрөө шинжээд биеэ зассан сайхан монгол хүн болон төлөвшиж, сайхан Монгол орныхоо төлөө хамтран ажиллацгаая!
Бидний тэмүүлэл аугаа байг, бидний зорилго нийтлэг байг, бидний сэтгэл нэг байг. Сэтгэл нэг болсон цагт бултаараа сайн сайхан амьдарч чадна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
http://www.mongoliandream.mn/