2012-03-09
ТИТЭМ ҮГ - Нөхрөө Харж Биеэ Зас
“Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна.


Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.
Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй.
Цаг зуурын хишиг.
Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.
Чиний найз нөхдөд чамд байгаагаас илүү ямар шинж чанар байдгийг сайтар ажиглан мэд. Нөхрөө харж биеэ зас. Дутуу байгаагаа нөхдөөсөө дүүргэж ав, илүү байгаагаа нөхөддөө харамгүй өг. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь. Хэрэв чи өөрийнхөө төлөө санаа тавихгүй бол хэн чиний төлөө чамаас илүү санаа тавих юм бэ? Эхлээд өөрийнхөө учрыг ол. Өөрийнхөө учрыг олоогүй байж бусдын учрыг олох гэж мунгинах хэрэггүй. Өөртөө гэрэл асаагаагүй хүн өрөөл бусдыг юугаараа гийгүүлэх билээ дээ? Хувиа хичээж, довоо шарлуулан зөвхөн өөрийнхөө төлөө санаа тавигчийг сайн нөхөд хүрээлэхгүй. Хэрэв чи зөвхөн өөрийнхөө төлөө явбал энэ амьдралд чинь утга учир, баяр баясал юу байх билээ дээ? Тиймээс өөрийнхөө төлөө санаа тавихдаа найз нөхдөө мартахгүй байх хэрэгтэй. Ер нь “бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг” юм гэсэн.

Санаа сэтгэлээ зөв авч яв. Санаа сайтыг олж нөхөрлө. “Сайн санаатныг бурхан дагана. Муу санаатныг чөтгөр дагана”. Сайн санаат өөдлөн өгсөж, муу санаат уруудан доройтно. Бузар нүгэлтнээс ямагт хол, буяны саданд үргэлж ойр байхыг хичээ. Хилэнц нэмж, буян хомслох аливаа тохиолдлоос холын хол байтугай. Бадамлянхуа цэцэг балчиг дунд ургавч ариун цагаан дэлбээ нь хиртдэггүй шиг сайн нөхөд саар цагийн учралд ч санаа нь хувирч сэтгэл нь хиртдэггүй юм.
Найз нөхдийнхөө буруу үйлдлийг уучилж сур, харин өөрийнхөө зөрүү үйлдлийг хэзээ ч бүү уучил. Найзынхаа зарим алдааг нь анзааралгүй өнгөрөөхөд ч гэмгүй. Хүн хэдий ухаантай ч алдаагаа бусдын өмнө дэлгүүлэх дургүй. Салшгүй сайн нөхрийнхөө сайн үйлийг магт, муу үйлдлийг шүүмжил. Тэгэхдээ нөхрөө ганцаар байх үед нь нүүрэн дээр нь буруушаа, нүүрнээс далд нийтийн өмнө магтан сайшаа. Найз нөхдөө бусдын шүүмжлэлээс хааяа ч гэсэн хамгаалж бай. Түүний бусдад үлгэр дууриал болсон занг нь онцлон хэлж, ямар сайн хүн болохыг нь хүмүүст хуучил. Шударга магтаал хаана ч, хэзээ ч илүүддэггүй юм. Заримдаа худал ч тус болно. Заримдаа үнэн ч хор болно. Чиний худал үг найз нөхрийг чинь аврахаар бол яах вэ? Би худал хэлэхгүй гээд амаа хамхиад суугаад байх уу? Чиний үнэн үг хэн нэгнийг хорлохоор бол яах вэ? Би үнэнч хүн гээд далан булчирхайг нь тоочих уу? Хэлэх үгийг эзэнд нь хэрэгтэй цагт нь хэлж сур.
Хүн итгэсэн нөхөртөө л зовлонгоо тоочдог юм. Найз нөхдийнхөө зовлон тоочихыг тэсвэртэйгээр сонс. Тэгвэл түүний зовлон нимгэрч, сэтгэл нь уужирч байгааг царайны өнгө, дууны аялгаас нь чи аяндаа мэдэрнэ. Энэ бол найзын зовлонг хуваалцахаар сэтгэлээ нээн, санаа тавьж байгаа нөхөр ёсны нэн чухал агшин. Ингэснээр чи зовлонд унасан нөхрийнхөө давчуурсан сэтгэлийг овоо сайн тэлж өгнө. Найз нөхөдтэйгөө чин зүрхнээсээ харьцаж бай. Үнэнээрээ байх гоё. Худлаа инээснээс, үнэнээсээ уурлачих нь хавьгүй дээр. Ямар ч үед янз бүрийн авир гарган жүжиглэх хэрэггүй. Байдгаараа байх нь чамайг чимнэ. Хэн нэгэнд тал өгч хуурмаг инээснээс танихгүй хүн шиг дуугүй яв. Эргэн тойронд чинь хоёр нүүртнүүд шарвалзана. Чи багтай хүмүүсийн нийгэмд амьдарч байгаагаа мэд. “Бялангачдыг найз нөхөд гэж тооцохоос болгоомжил. Шулуун шударга хүн л жинхэнэ найз нөхөд байдаг” юм. Олон найз нөхөдтэй байх сайхан. Гэхдээ зовох цагт нөхрийн чанараа таниулах нь хэд байх бол? Тарвалзаж явахад дагах нь олон, тартагтаа тулахад түших нь цөөн байдгийг бодоорой.
Болж бүтэж, болгож бүтээж яваа нөхдөөсөө үлгэр ав. Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ төлөө чи заавал амжилтанд хүрэх үүрэгтэй. Тэгэхдээ харин журамт хүний жудаг ёсноос гадуур үйлдлийг хийж болохгүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй чинээлэг амьдралыг хоосон мөрөөдөх биш өөртөө бий болгохын төлөө чиглэсэн зорилготойгоор хичээн зүтгэх хэрэгтэй. Мөнгө, санхүүгийн бие даасан, боломжит байдал хүнд жинхэнэ эрх чөлөөг олгоно. Мөнгө чиний өөрөө өөртөө хандах хандлага, эргэн тойрны хүмүүсийн чамд хандах хандлагыг өөрчилнө. Мөнгө чамайг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай болгоно. Мөнгөтэй хүнийг нийгэм хүлээж авахдаа дуртай. Мөнгөтэй хүн л мөнгө өсгөж үржүүлж чаддаг, харин мөнгөгүй хүн байгаагаа үрчихээд хоосон сууж байдаг. “Баян чинээлэг хүмүүс мөнгөний төлөө зүтгэдэггүй. Харин тэд мөнгийг өөртөө зүтгүүлдэг” юм гэсэн шүү. Хүүхэд, залуус та нарыг мөнгийг өөртөө зүтгүүлдэг хүмүүс болоосой гэж хүсч байна.
Ямар ч аргаар атугай мөнгөтэй болохын төлөө ариун гэгээн бүхнээ умартан шүлэнгэтэхийг цээрлэ. Бэртэгчин шуналын ад донд хорлогдвол
хүмүүсийн жигшил зэвүүцлийн бай болно. Ашиг олзны зэрэглээг хөөсөөр ангаж үхэхийн тавилан гашуун гэдгийг сана. Аминцар шуналаа хангах гэж арга мэх бүхнийг сүвэгчлэн, амьтан бусдыг хорлон явагчид өөрт ч, өрөөлд ч үлэмж их гай тарина. Ахуйн жаргал, ашиг алдарын хойноос үхэн хатах хөөрхийлөлтэй амьдрал – залуу хүн чиний сонгох сонголт, тэмүүлэх тэмүүлэл биш.
Цагийг дээд зэргээр үнэлж ашигладаг нөхдөөсөө суралц. Цаг хугацааг эрхэмлэ. Агшин бүр алтнаас үнэтэй өнөө цагт алмайрч суух чөлөө чамд байхгүй. “Агшин бүр хийгээд хором бүрийг үнэлж яв”. Өөрийнхөө цаг завыг дэмий юманд үрэхгүй байхаасаа дутуугүй бусдын хайран цаг завыг дэмий юманд үрэхгүй бай. Элдэв янзын шалдар булдар үйлд хутгалдах хэрэггүй. Шалдар амьдралд утгат юмгүй. Өөрийн чинь үүрэгт хамаарахгүй ажиг сэжиг бүү өдөө. Дэмий юмнаас болж дээвэр туурга дэрвэж мэднэ.
Холд зорьж, томд тэмүүлэх нөхрөө сайтар ширтэн ажигла. Түүнээс сурах зүйл чамд маш их байна. Тэнгэрийн хаяаг баримжаалахаа больсон хүн холыг харж чадахгүй. Учир нь тэр ойр орчныхоо жижиг юмсыг л хэрээс нь хэтэртэл үнэлж суудаг юм. “Толгойгоо өөд нь өндөрт өргөе гэдэггүй залуу хүн хөлөө харж амьдрах болдог. Тэнгэрт дүүлэе гэдэггүй оюун санаа газарт дөрвөн хөллөх хувь зохиолыг мөшгөх биз ээ”. Амжилтанд хүрч чадсан нөхрийнхөө тэр амжилтанд чи ч хүрэх боломжтой. Түүнд хүрэхэд өөртөө итгэх итгэл онцгой чухал шүү. Өөртөө итгэх итгэлээс хамааран чи ядуу тарчиг амьдрах уу, аль эсвэл хорвоо дээр өөрийн гэсэн байр сууриа олж, хүний дайтай амьдрах уу гэдэг чинь шийдэгдэнэ. Хүссэн болгондоо хүрч чадна гэсэн тэнгэрлиг итгэлээр жигүүрлэн, хичээн зүтгэ.
Азгүй, азтан хоёр хаяа залган суудаг гэдэг. Найзыг чинь азын тэнгэр ивээж, чамаас азын тэнгэр дөлж тойроод байна гэж бүү санаашир. Аз нь гийж яваа нөхрөө харж биеэ засаад явбал хажуу хаяанд чинь ойрхон байгаа аз чамайг ч бас гийгүүлэх баярт өдөр ирэхдээ л нэг ирнэ.
Залуус та нарын заяа тавилан, заяах ирээдүй өөр хэний ч биш, өөрсдийн чинь мэдэлд байна. Хувь заяагаа өөрсдийн гараар дархлан өөрсдөө захирцгаа!

http://ganaa-s.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 16:26 | Титэм үг-Мэргэн үг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax