2012-03-06
Дижитал камер хэрхэн сонгох вэ? (Ерөнхий мэдээлэл)

Цаашид Digital camera гэдэг үгийг шууд дижитал камер гэж буулгах боломжтой гэж үзэж байна. Манайхан дижитал зургийн аппарат гэж ярьдаг. Ялгаагүй, гадаад үг хэрэглэж байгаа юм чинь Оросууд модноос гарсан өнөө цагт аппарат гэж оросоор хэлэхээр хүүхэд, залуучууд хүлээж авахгүй байх. Нөгөө талаас камер гэхээр бид нар бичлэг хийдэг гэж ойлгодог. Тэгвэл бүх digital camera бичлэг хийх боломжтой. Иймээ цаашид EzBuy.mn-ийн бүх контентуудад дижитал камер гэж ярихаар тогтлоо. Өнөөдрийн тухайд бол ямар брэндийн камер илүү сайн, техникийн үзүүлэлт талаас нь авч үзэхгүй, зөвхөн та сонголтоо хийхдээ анхаарах анхан шатны цөөн зүйлийг толилуульяа. Хэнд ч мэдээжийн байж магадгүй боловч хүмүүс энгийн зүйлүүд дээр ч алдаа гаргах нь их байдаг шүү дээ.  Товчхондоо хэлэхэд та дижитал аппарат худалдан авах шийд гаргасан бол эхлээд дараах 8 зүйлийг хараарай.

1. Та ямар хэрэглээнд, ямар зураг авах камер худалдан авч байна;
2. MP(MegaPixel) нь бүхнийг илэрхийлэхгүй;
3. Дагалдах хэрэгсэлүүдийг сонирхож үзнэ үү;
4. Та өмнө нь камертай байсан уу;
5. DSLR ба Point & Shoot?
6. Таталт (Optical Zoom ) чухал шүү;
7. Яг сонирхсон камерыг чинь өмнө нь хэрэглэж байсан хүмүүс юу гэж байна?
8. Үнийг нь харьцуулж үзсэн үү


1. Та ямар зорилгоор худалдан авах гэж байгаа вэ?
Дижитал камер худалдан авч буй хүмүүсийн ерөнхий алдаа бол өөрийн хэрэгцээндээ тохируулж сонгохгүй байх явдал. Тоосгон болон онлайн дэлгүүрүүдээр хэсэхийн өмнө дараах асуултуудыг өөртөө тавь.

  • Яг юуны төлөө энэ камерыг худалдан авах гэж байна?
  • Та ямар төрлийн зураг авах вэ? (цээж зураг, хөрөг, уран сайхны гэрэл зураг, аялалын, макро, спортын гэх мэт)
  • Та ямар орчинд энэ камерыг ашиглах? (дотор, гадаа, гэрэл багатай орчинд, хурц гэрэлтэй орчинд гэх мэт)
  • Та автомат горимоор нь зураг авч байх уу, гэрэл зураг авах урлагыг эзэмшмээр байна уу?
  • Танд өмнө нь камертай ажиллаж байсан туршлага байна уу?
  • Таны голлон сонирхож буй үзүүлэлт нь юу вэ? (long zoom, image stabilization, large LCD display etc)
  • Танд камерын овор хэмжээ чухал уу?
  • Та хэдэн төгрөгний төсөвт багтаах вэ?

Эдгээр асуултуудыг өөртөө тавиад үз. Магадгүй та ихэнхийг нь хариулахгүй байх. Тэгвэл яг энэ дагуу худалдааны зөвлөхөөс нь асуугаад үз. Үүний дараа сонголтоо хийхэд ихээхэн дөхөмтэй болно.

2. MP/MegaPixels/ бүхнийг илэрхийлэхгүй

Хүмүүс дижитал камер худалдан авахдаа хамгийн чухал үзүүлэлт бол MP гэж боддог. Хоорондоо тэгж ярилцдаг. Үнэн хэрэгтээ MP нь (1 сая пиксел ) дижитал камерын зураг авах нягтралыг илэрхийлдэг бөгөөд энэ үзүүлэлт хамгийн бага байсан ч таны ур чадвраас хамаараад сайхан зураг авах боломжтой.

Хэдэн жилийн өмнө, дижитал фото зургийн салбар эхэлж байхад камеруудын MP бага байсан. Зөвхөн мэргэжлийн зурагчид л өндөр пикселтэй камераар зураг авдаг байсан. Өндөр нягтралтай зураг авах нь таны камер том багтаамжтай карт шаардах ба тодорхой хэмжээгээр удаашруулна.

Яг үнэндээ та авсан зурагнуудаа энгийн хэмжээгээр угаах, компьютер болон дижитал жаазаар харахад 4MP байхад л хангалттай. MP-ын тухай энд дарж үзнэ үү

3. Дагалдах хэрэгсэлүүдийг нь сонирхоно уу!

Камер худалдаалж буй үнийн саналыг та харахдаа доорхи хэрэгсэлүүд дагалдаж байгаа эсэх нь чухал шүү. Мэдээж танд зайлшгүй хэрэг болох дараах зүйлүүдийг сонирхоорой.

  • Гэр, цүнх
  • Memory card
  • Нөөц баттерей болон цэнэглэгч
  • Хөл
  • Нэмэлт флаш
  • Компьютерт холбох залгуурууд

Та худалдаалагчдын үнэд анализ хийхдээ эдгээр хэрэгсэлүүд таны сонирхож буй камерт байгаа эсэх, тусдаа бол хэдий хэр үнэтэйг зайлшгүй анхаараарай.

4 Танд боломжийн дагалдах хэрэгсэл байж болох юм.

Та өмнө нь ямар нэгэн камертай байсан уу, тэгвэл тэр камерт чинь хэрэглэж байсан зарим аккесуорууд танд байгаа биз дээ. Энэ бол хэмнэлт гаргах нэгэн чухал үндэс болдог юм.  Танд өмнө хэрэглэж байсан камерийн чинь уут, хадгалах карт, баттерей болон түүнчлэн флаш болон линзүүд байж болох юм. Тэгвэл та эдгээр дагалдах хэрэгсэлээ шинэ камертаа үргэлжлүүлэн хэрэглэж болно шүү дээ.

5. Алийг нь сонгох вэ? DSLR vs  Point & Shoot

Дижитал SLR төрөл нь илүү ч хүн бүхэнд тохиромжтой биш. Юуны өмнө эдгээр нь том, хүнд, арчиж цэвэрлэхэд хэцүү, P&S төрлөөс ажиллахад илүү төвөгтөй. Мэдээжийн хэрэг Point & Shoot төрөлтэй зарим талаар адилхан.  Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл өмнөх бичлэгийг энд дарж уншина уу.

6. Optical Zoom их чухал үзүүлэлт

Zoom гэдгийг манайхан таталт гэж буулгаж болно. Зураг авах гэж буй субектийг ойртуулах болон томруулж татахыг хэлдэг.  Гэхдээ zoom гэсэн бичигүүдийг ялгаж салгаж ойлгоорой.  Optical zoom, Digital zoom гэсэн тэс өөр 2 ойлголт байна. Digital zoom нь зөвхөн таны камерын дэлгэцийн хүрээнд программ ашиглан зургийн нягтралыг багасган томруулна гэсэн үг. Optical zoom таны камерийн дуранг ашиглан томруулж буй бодитой үзүүлэлт юм. Ер нь сонирхогчийн хэрэглээнд 3х-ээс дээш хэмжээтэй камер хангалттай бөгөөд харин мэргэжлийнхэн 12х хүртэл таталттай байдаг.

7. Хүмүүсийн сэтгэгдэлийг унш

Би энэ хэсгийг хүмүүсийн сэтгэгдэлийг сонс гэж гарчиглах гэснээ унш гээд биччихлээ. Тэгэхлээр та интернэт дэлгүүрүүд дээрхи таны сонирхож буйн авсаг хүмүүсийн сэтгэгдэлийг унш гэсэн үг. Энэ зөвлөгөө ихэвчлэн англи хэлтэй хүмүүст л тохирох бол уу. Amazon.com, bhphotovideo гэх мэт сайтууд маш цэгцтэй, сайн муугаар рейтинг тогтоогоод оруулсан байдаг. Энэ чухал зүйл. Бүх бараа мэдээж 5 одтой гэж байхгүй л дээ, гэхдээ та сөрөг сэтгэгдэлүүдийг эхлэж уншаарай. Энэ маш зөв чиг баримжаа өгнө. Түүнчлэн та завтай бөгөөд бусдад тусая гэж бодож байгаа бол eZBuy.mn сайтад худалдан авсан болон өөрийн мэдэх бараа бүтээгдэхүүн дээрээ сэтгэгдэл оруулж байгаарай.

8. Үнийг нь ярь !

Энд хэлж буй зүйлүүд зөвхөн брэндийн камеруудад зориулсан зүйлүүд. Хужаа болон илт хулхи камерууд бас байна. Жишээ нь, хар зах дээр зарж байгаа камерууд бол зүгээр хог шүү. Зардаг хүн нь уншиж байгаа бол уучлаарай, үнэхээр тийм шүү. Эрээн юмуу Бээжингээс битгий хулхи камер авчирч бай.  Миний бодлоор ийм камер арай хямд үнээр худалдан авч байснаас та энэ мөнгөө хандивласан нь дээр байх. Тэгэхлээр та нэг камер сонгосон бол тэр камераа АНУ-д ямар үнээр худалдаж байна гэдгийг нь amazon.com -оос ч юм уу, гүүглдээд харчих, магадгүй 2 дахин үнэтэй байгаа, манайд. Яагаад бид АНУ-аас 2 дахин үнээр худалдан авах ёстой гэж. Хэрэвээ хямдхан байвал бас л буруудаад явчихна шүү.

http://blog.ezbuy.mn/

Бичсэн: Telnet | цаг: 18:20 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Заяад
Фэйсбүүкийн дараах хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. www.facebook.com/groups/camerashop/ баярлах
Бичсэн: Telnet цаг: 09:47, 2014-04-11 | Холбоос | |


goy zuwluguu bn.bayrlalaa
bi neg digital camer awah sanaatai.urid ni camer hreglej bgagvi.sonirhogchiin vvdnees heregleh gj bga.tegsen canon deer vv nikon deer vv gedgiig mddeggv ee.canon-ii vzvvlelt n tiim sn bish ch vne n undur bh ym.nikon vzvvlelt n sn ch vne n bolomjiin bh ym.ene 2iin ylgaag medeh gsn ym.
Бичсэн: заяа (зочин) цаг: 03:09, 2014-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax