2012-02-29
Шударга ёс бол тэгш байдал ба хөршийгөө гомдоохгүй байх ёстой


     Яг одоо миний өмнө нүд хөмсөг болсон 30 орчим насны залуухан сайхан бүсгүй ой 8 сартай бяцхан охиноо тэврэн нөхөр, хадам ээж хоёртоо хөөгдөн гудамжинд гарсан тухайгаа нулимс дуслуулан ярьж суухыг хараад хатуу сэтгэл, харгис хүйтнээр хүнд хандана гэхэд арай ч дэндэнээ гэж бодогдож сууна. Хэд хоногийн өмнө нэр нэгтэй бүлтийсэн алаг нүдтэй хөөрхөн бүсгүй мөн л нөхөр, хадам ээж хоёртоо ад үзэгдэн 4 сартай охин, 5 настай хүүтэйгээ Зайсангийн тансаг байшингаасаа өмчлөх өмч ч үгүй, өмсөх хувцас ч үгүй хөөгдөн гарсан байдаг.

     Энэ шударга байдал мөн үү? өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “таван толгой” ХК-ний тосгоны ажилчдын байранд байрлуулсан усан оргилуурт тоглож байгаад цахилгаанд цохиулж ах дүү 10 настай хүү Зоригтбаатар, 3 настай хүү Золбаяр нар нас барсан. Уг хэрэг гарсанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон хэмээн хэрэг бүртгээд хэрэгсэхгүй болгосон байсан. 

     Энэ шударга хэрэг мөн үү? Энэ бол өнөөдөр манайд хүний эрх хэрхэн уландаа гишгэгдэж байгааг болон хууль шүүхийн байгууллага хэрхэн дампуурсныг илтгэн харуулж буйн тод жишээ болж буй юм. Хэдийгээр энэ хэргийг аймгийн прокурор мөрдөн байцаалтанд дахин буцаах шийдвэр гаргасан ч гэлээ үүнийг хэн нэгнийг эрүүгийн хэрэгт татахаас илүүтэй иргэний хариуцлагын маш том хэрэг гэж бид үзэж байгаа.

    Өнөөдөр манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол шударга ёс гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энгийн нэгэнд нь хууль шүүх хатуу нударгаа хэд дахин давуулж үзүүлдэгийн жишээг хэдэн жилийн өмнө бид Ариунцэцэгийн гэх тодотголтой хэргийн стратегийн өмгөөллөөр дамжуулан нийгмийн шударга ёсны үнэлэмжийг ил гарган ирж олны анхаарлын төвд хүргэж байж билээ. тэгсээр атал эрх мэдэлтэй, эд баялаг ихтэй нэгэнд нь хууль үйлчилдэггүй тийм л тогтолцоо, жишиг хэвийн үзэгдэл болсоор удлаа.

     Эрүүл, сайн нийгмийн үндэс, суурь нь шударга ёс билээ. Хэрэв шударга ёсгүй бол тухайн нийгэм эрүүл оршиж чадахгүй. Өнөөдөр монголчууд хоолоор өлсөж үхэхгүй мөртөө, шударга ёсоор цанган амьдарч байна. Төр засаг нь иргэддээ, иргэд нь бие биедээ,бизнес нь үйлчлүүлэгчдээ, ажил олгогч нь ажилчиндаа, ажилчин нь эзэндээ шударга бус ханддаг байдал бидний өдөр тутмын амьдралд ажиглагдсаар. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг зэрлэг амьтдын амьдрах зарчим хүний нийгэмд, иргэний, ардчилсан, хүнлэг нийгмийн арга барил, хүчин зүйл мөнгэж үү? Ялангуяа нийгмийн шударга бус тогтолцоо нь нам төвтэй улс төр,эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоон дээр улам илүү хурц ажиглагдаж байна.

     Хэн сайн дээрэм хийж чаддаг нь УИХ-ын гишүүн болох, хэн илүү их хэмжээний мөнгө төлсөн нь сайд болдог,хэн нь сонгогчдыг хууран мэхэлж, аманд нь молиго үмхүүлж чадна тэр нь ялдагийм л харгис тогтолцоотой улс төрийг бид үзэн ядаж байна. Ялангуяа шинэ залуу үе маань үүнийг жигшиж байна.Үүнийг мэдсэн эрх баригчид өөрсдөө дахин сонгогдох тийм магадлалтай эвгүйхэн хууль гаргачихаад, одоо өвөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж сууна. Шударга ёс үгүй бол нийгэм эрүүл бишбайдаг. Шударга ёс худалдагдахаараа үхдэг гэсэн Жорж Сандын үг монголд биелэлээ олох вий хэмээн манай нэгэн нэрт сэтгүүлч бичсэн байсан.

    Шударга ёсыг худалдагсдын тоонд тендерийн нэрээр мөнгө идэж баяждаг төрийн албаныхны урт цуваа хөвөрнө. Шударга ёсыг авилга гэдэг бузар өмчөөр худалддаг. Авилга монголд энгийн үзэгдэл төдийгүй далд мөртөө эрээ цээргүйгээр бэхжин хөгжсөөр байгаа нь харамсалтай.    

    Британика нэвтэрхий тольд авилгыг “өөртөө болон хэн нэгэнд ашиг гаргахын тулд хууль зөрчиж хийсэн зүй бус үйлдэл” гэж маш тодорхой томъёолсон байдаг. Айл өрхөд мөнгөтөлөн намдаа элсүүлэх, сонгуулийн хорооны ажилтанд хоёр өрөө байр амлан санал тооллогыг луйвардуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, мэдээлэлд ойр байгаагаа ашиглан өөртөө болон өөрийн хамаатан садан найз нөхөддөө давуу байдал бий болгох энэ бүхэн авилга бөгөөд шударга бус үйлдлүүд юм. Ийм үйлдлээс хохирсон нийгмийн иргэдийн хувьд энэ нь шударга бусын золиос болж буй үзэгдэл юм. 2012 оны төсвийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд 3 тэрбумыг авсан,аваагүй хэмээн маргалдаж байна.

      Tатвар төлөгчдийн мөнгийг өөрсөддөө хэдэн тэрбумаар нь хуваарилж аваад эргээд тэр мөнгөөрөө сонгогчдыг хахуульдах үйлдэл хийж байгаа ийм л давуу байдалтай хүмүүст нэмж давуу байдал бий болгосон, тэдэнд шууд зориулсан сонгуулийн хууль ч ялгаагүй авилгын элементтэй харагдаж байгаа юм. Хүний эрх зөрчигдөж байгаа нийгэм шударга нийгэм биш ээ. Өнөөдөр судалгаа хийгээд харахад иргэд маань төрийн үйлчилгээ авах гээд албан байгууллагаар орохдоо тэдэнд хандаж буй албан тушаалтнуудын харцтай тулгарах цагаас л эрх нь зөрчигдөж байна гэж үздэг байна. Энэ үнэн шүү.

      Юу юуны зуургүй хялалзаж цэхэлзээд, хөөж туугаад, загнаад эхэлдэг шүү дээ. Төрийн албан хаагчдын өөрсдийн ажил олгогчид нь тэрхүү үйлчилгээ авах гээд очиж байгаа жирийн иргэд та бид шүү дээ. Шударга ёс гэж чухам юу юм бэ, ингэхэд? Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй энэхүү далд оюун ухааны ертөнцөд домог болтлоо яригдаж, хэлэгдэж, дурсагдаж байгаа шударга ёсыг эртний Грекийн сэтгэгчид “Шударга ёс бол тэгш байдал ба хөршийгөө гомдоохгүй байх ёстой” гэж үзэж байсан байна. Энэхүү тэгш байдал нь хүний хязгааргүй их шунал тачаал, нүгэл гэм, хөршөө хайрлахгүй байдал гээд хүний мөн чанартай холбогддог.

      Тийм л учраас хүн төрөлхтөн хүний эрх, ардчилал, сайн засаглал, хуульт ёс гээд тогтолцооны механизмуудыг бодож олон иргэнлэг, шударга, ээлтэй нийгэмд амьдрах хүсэл тэмүүллийг хэрэгжүүлсэн. Ингэхдээ мэдээж, асар их үнээр үүнийг суралцсан нь дамжиггүй. Энэхүү нийтлэлийн эхлэлд дурдсан ганц хоёр жишээг авч үзсэнч (өөр бас олон олон жишээ үүний араас хөвөрнө, харамсалтай нь) хүний ухамсар, үйлдэлтэй холбоотой бие биендээ шударга бус хандаж буйн шалтгааныг би бурхан гүйдэлтэй холбон үздэгээ нуумааргүй байна. та хөршөө өөрийн биеэ хайрладгийн адил хайрла гэдэг бурханлаг сургаалиар бид өсөж хөгжсөн бол, үр хүүхдүүдээ ийнхүү өсгөн хүмүүжүүлдэг бол айх эмээх зүйлтэй, ёс зүйтэй, хайраар аливаа зүйлд хандсан хандлага байхад шударга бус байдал, хүчтэй нь хүчгүйгээ барьж ид гэсэн зарчмууд үйлчлэхгүй билээ.

М.Ичинноров

http://www.toimsetguul.mn/
Бичсэн: Telnet | цаг: 10:42 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax