2012-01-17
Гар утасны технологийн хөгжлийн тухай

Гар утасны технологийн хөгжлийн тухай

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд гар утас буюу утасгүй харилцаа холбооны хөгжлийн 4-р (4G) үед шилжиж эхэлж байгаа билээ.

Мөн манайд хэдэн жилийн өмнө хөдөлгөөнт интернетийн 4G Mobile Wimax утасгүй систем байгуулагдсан боловч гар утасны технологид хараахан нэвтэрч эхлээгүй байна. Энэ удаад гар утасны хөгжлийн үе шатуудын тухай товч танилцая.



0G

Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оны дунд үед үүсч бий болсон боловч 1980-аад оноос нийтийн хэрэгцээнд нэвтэрч эхэлсэн байна. Зарим мэргэжилтнүүд утасгүй холбооны технологийн хөгжлийн эхний шатыг 0G хэмээн нэрлэдэг. Энэ үеийн гар утаснууд радио долгионы зарчимаар ажилладаг бөгөөд овор, жин ихтэй байсан учир ихэвчлэн автомашинд суурилуулан ашигладаг байжээ. Мөн одоогийн Иридиум системтэй төстэй сансарын холбооны технологи бүхий гар утаснууд усан онгоцны холбооны зориулалтаар ашиглагдаж байсан байна.



                                                                             1G

1982 оноос эхний шатны гар утаснууд бүтээгдэж хүний дуу хоолойг аналоги долгион хэлбэрээр дамжуулж дууны өнгөнөөс хамаарах тасралтгүй дохиоллыг ашигладаг болов. Дохиоллын зурвасын хүрээ өргөн боловч, харьцангуй том хэмжээний батерей шаардагддаг, хөндлөнгийн элдэв дохиоллын нөлөөлөлд өртөмтгий, хамгаалалтын систем муу буюу зарим онцлог төхөөрөмж бүхий хүн бусдын яриаг хөндлөнгөөс сонсох боломжтой байжээ. Хамгийн сул тал нь бусдын утасны дугаарыг хуулж аваад өөрийн дураар ашиглах боломжтой байв.

                                                                              2G

1991 оноос 2G стандарт боловсруулагдаж PDC, GSM мэтийн дижитал системүүд ашиглагдах болов. Энэ технолиги нь дуу хоолойг 1 буюу 0-оор илэрхийлэгдэх тоон дохиолд хувирган дамжуулдаг учир дээр дурдсан дутагдалуудыг бүрэн арилгасан илүү найдвартай систем болсон байна. Мөн дохиоллыг кодлон хувиргаж хамгаалалтын шаардлагийг бүрэн хангасан учир дохиоллын илүү нарийн зурвасыг хамарч, харьцангуй бага энерги зарцуулдаг учир батерейн хэмжээг жижигрүүлэх боломжтой болов. Мөн үнийн хувьд харьцангуй хямд болсон байна. Өөр нэг онцлог нь энэ үеийн технологиос эхлэн гар утсаараа SMS буюу богино хэмжээний текст илгээх, хүлээн авах боломжтой болсон байна. Адил урттай радио долгионы хүрээнд их хэмжээний харилцан ярианы долгионыг шахах боломжтой болсон учир гар утасны оператор компаниуд олноор байгуулагдаж, дэлхий даяар түгэн дэлгэрч эхэлсэн юм.

3G

Олон улсын Телефон Харилцаа Холбооны байгууллагаас IMT-2000 хэмээх хөдөлгөөнт утасны стандартыг тодорхойлсон бөгөөд анхны 3G системийг 2001 онд япон улсын NTT Dokomo компани нэвтрүүлсэн байна. Энэ шатанд W-CDMA, CDMA2000 зэрэг өндөр хурдны дижитал системүүд голлож байна. 3G системийн гар утсаар дуу, дүрс болон өгөгдлийг өндөр үр ашигтайгаар дамжуулдагаас гадна интернетээр аялж мэдээлэл татаж авах, youtube видео үзэх, фото зураг агуулсан текст мэдээлэл илгээх боломжтой болсон байна. Мөн 3.5 G хэмээх завсрын ангиллыг гаргаж ирсэн бөгөөд интернетээс мэдээлэл унших хурдаар ялгаагдаж байна. 3G системээр интернетэд ойролцоогоор 200-700 кб/с хурдаар холбогддог бол 3.5 G системд 3.6 - 7.2 Мб/с хүртэлх хурдтай холбогдох боломжтой юм. Өөрөөр хэлбэл broadband буюу өргөн зурвасын интернетийг утсагүй технологиор хүлээн авах боломжтой болжээ. Харин 2009-2010 онд гарсан хамгийн сүүлийн үеийн зарим системүүд 15-24 мб/с хурдыг санал болгож байна.

4G

Гар утасны TeliaSonera компани хамгийн анхны 4G сүлжээг Норвег болон Шведийн Осло, Стокольм хотуудад байгуулж 2009 оны 12 сард ашиглалтад оруулсан байна. Мөн 2010 оноос америк япон зэрэг улсуудад 4G системд шилжиж гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмжүүд IP-д суурилсан хөдөлгөөнт өргөн зурвасын сүлжээнд 50 Бб/с-ээс 100 Мб/с хүртэлх хурдаар холбогдон интернет, өндөр чанар бүхий телевизийн нэвтрүүлэг, видео, онлайн тоглоом тоглох зэргээр орчин үеийн интернетэд суурилсан бүх төрлийн үйлчилгээг хүртэх боломжтой болж байна. Холболтын хурдаар өмнөх үеэс 10 дахин илүү бөгөөд цаашид 1Гб/с-д хүргэх боломжтой. 4G үеийн голлох 2 систем нь LTE-Advanced болон WiMаx2 стандартууд бөгөөд аль аль нь хүчин чадал сайтай боловч өндөр өртөг шаардагдсан технологиуд юм. АНУ-д Sprint Nextel, Comcast компаниуд Mobile WiMAX сүлжээг байгуулж , 2010 оны 6 сараас анхны 4G гар утас HTC EVO-г худалдаалж эхэлсэн байна. Гар утасны дэлхийн хамгийн том оператор компани болох China Mobile ирэх жилээс 4G системд шилжихээ мэдэгдсэн билээ. Япон улсын хувьд Мобиком компаний хөрөнгө оруулагчдын нэг болох KDDI компани анхлан 4G системд шилжиж байна. Гэхдээ өөрийн сүлжээ байгуулаагүй бөгөөд Uq Wimax компаний сүлжээг ашиглаж байна.

5G?

Хөдөлгөөнт холбооны 4G системд бүрэн шилжсэнээр бүх төрлийн зөөврийн төхөөрөмжийн интернет холболтын хурд 1Гб/с-д хүрч өнөөдрийн бидний хэрэглэж, хөгжүүлж, төсөөлж байгаа ямар ч үйлчилгээг хүртэхэд саадгүй болох юм. Иймд одоогийнхоос цааших буюу 5G систем байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

http://zalxuu.miniih.com/
Бичсэн: Telnet | цаг: 16:15 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


bayarlalaa ih hereg bolloo
Бичсэн: zochin (зочин) цаг: 23:03, 2015-10-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax