2011-11-04
“Хэлж амжаагүй үгс” хайрын захидал
ИЗИС- 2-р цогцолборын Яруу найргийн клубээс Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Хэлж амжаагүй үгс” хайрын захидал шүлгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн захидал
                                                                 ИЗИС 4-р факультет 307-р бүлэг Х.Эрдэнэбат
                                                                 Хайрт  эмээ Сосорбарам таныхаа гэгээн дурсгалд зориулав.

Илгээх хаяггүй захидал

Сайн байна уу? Эмээ!
Хүний ертөнцөөс тасарч огторгуйн чандад ууссан
Хүж дэлхийнхээ элгэнд амгалан нойрсож буй таньдаан
Хүн дусал ачаас тань хандаж хэлэх үг
Хүслийн шувуунд дайгаад илгээх хаяггүй захидал байна.

Эмээ, Цагийн судар эргэсээр ертөнц нэг л хэвийн байна
Эмээ, Энэ жилийн намар жихүүн болоод уртхан байна
Эмээ, Эрдэнэ болсон ээж минь нэг л гандуухан байна
Эмээ, Энэ жилийн цагаан сараар таныг үгүйлсэн нулимс их байна.

Аягатай сүү цалгих шиг ертөнцөөс та одохдоон
Алсхан яваа намайг буцаад очихыг минь хүлээсэнгүй
Аагтай цай ээдэх шиг ертөнцийн өнгө бүүдийж
Амьдралийн тоглоом надад хатуухан хандсанд итгэж чадахгүй нь.

Эмээ, Тэргүүнд тань буурал сууж бөгтөр болсныг тань мэдэрсэн ч
Тэртээ огторгуйн чанад руу уусан одохыг тань ухаарсангүй уучил
Эмээ, Хүрээд очих тоолонд бурмаан өгч үнсдэг болохоор тань
Хүний ертөнцөөс тэгэж бүрмөсөн одохыг тань ухаарсангүй.

Эр хүний ёсоор хатуухан байж нулимсаан нууж давъяа гэтэл
Эрээн зүрх минь гандаж эвлэрч чадалгүй уйлчихлаа уучил
Эх дэлхийн наран үүлэн цаагуур шиг
Эрээн бараан өдрүүд бүүдийж өнгөрч өгөхгүй зовоогоод байна

Эмээ, Мэлмий тунгадаг амьд сэрүүн байхад тань эрхэлхээн би мэдсэн ч
Миний хүү гэж бардамнах ачлал цөөхөн хийжээ уучил
Эмээ, Мартаж мунгинах ихдээд үхэх нь төхжээ гэж өөрийгөөн зэмэлхэд тань
Мэдрэл муутай юм уу юу яриад байгаан гэж огтхон ч тоогоогүйг минь уучил

Он жилийн тоосонд бөхийж амьдралын хатууд нухлагдсан ч
Орших оршихгүйн заагт мөнх юм шиг сэтгэж бидний төлөө зүтгэсэн ачлалыг тань
Орчилонд хүү нь дутуухан ухаарч олон ч удаа гомдоожээ танийгаан
Одоо жаазалсан зурагны тань өмнө зул өргөн зогсоо энэ хүн

Үхэл амьдрал хоёртой нүүр тулан учирчихаад
Түүнтэй эвлэрч чадалгүй дэмий л нулимсан далай урсгаж сууна уучил
Тэнгэрийн хаяа цэлийгээд уужимхан байдаг ертөнц
Тийм ч биш юм шиг санагдаж давчуураад байна яалтай

Эмээ, Алтан суврага босгох тэнхэл алгаа хүүд чинь
Алаг зүрхнээсээ урсах шүлгэн суврага босгоё
Амгалан дэлхийнхээ энгэрт тайван нойрсож та минь
Ахиж төрхийн заяандаа буцаад хүүдээн төрөөрэй

Эмээ, Үүнийг л би хүслийн шувуунд дайгаад таньдаан илгээх гэсэн юм
Үхэж төрөх хоёр нь бодит үнэн юм, одоо сэтгэлийн хатаа чангалъяа
Үүлс хөлөглөн та биднийг харж байгаа бол
Үхээнц царай гаргаж хүний дор орохгүйгээ амалъяа

Эмээ, Хүний ертөнцөөс тасарч огторгуйн чанадад ууссан
Хүж дэлхийнхээ элгэнд амгалан нойрсож буй таньдаа
Хүн дусал ачаас тань хандаж хэлэх үг
Хүслийн шувуунд дайгаад илгээх хаяггүй захидал байна.

...........................................................................................
                                                                 Уг уралдаанд тусгай байр эзэлсэн захидал
                                                                 ИЗИС-ийн ЭЗНББ 133-р бүлэг Ш.Цэрэнпил

Сархад шиг л чи намайг согтоочихсон  
Санахад дагина мэт бодогдсон би чамд дуралчихсан
Сайхан үнэрт чинь эрвээхэй адил мансуурч
Салж одсон замынхаа нугачаан дунд нь төөрчихсөн

Хацарт чинь нэвчсэн сувд надад гомдсоных байсан
Харцанд чинь тодрох гуниг надад дурласных байсан
Хагацан очсон мөчөө эргэн нэг дурсахад
Хайрлаж чадаагүй алдсан миний буруу байсан

Нэгхэн хоног зугаа цэнгэл хөөж өөр бүсгүй хайсан
Нэгхэн удаа чамайг мартаж хөлчүүрэнхэн цэнгэсэн
Нэр мэдэхгүй бүсгүйтэй дэндүү удаан ярилцсан
Нүгэлгүй гэгээн шөнөөр чи биднийг харчихсан

Тэгэхэд чи
Дэрэн дээрээ шөнөжин сувд асгаж хоносон
Тэр шөнө би
Дэндүү гоё бүсгүйтэй саран ичтэл жаргасан

Өглөө нарыг би өөр бүсгүйтэй угтсан
Өчнөөн жилийн хайр минь харин
Өнчин нулимстай сэрсэн

Хонгор сэтгэлээ ганцаардахад би чамруу л яарсан
Хоёрхон үгээр чи надад зөвхөн гомдсоноо л хэлсэн
Хормын дотор би юу болсныг ойлгосон ч
Хор уусан толгойгоо буруутган буруутган гэмшсэн

Өөр бүсгүйд сэтгэлээ дэвссэн намайг
Өвдсөн ч хамаагүй уйлтал минь зовоо
Өргөстэй зүрх хэн хэнд минь үлдсэн ч
Өнөөдөр би чамаас өршөөл гуйх эрхгүй.


http://yaruusetgegch.delhii.net/


Бичсэн: Telnet | цаг: 16:46 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax