2011-10-27
МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ БОЛ УУЛЫН ОРГИЛ МЭТ ЗОРЬЖ ОЧИХ ЗАМ МӨР ГАРЦААГҮЙ МӨН

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 7)


Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор  Д.ЦЭНДЖАВ:


Манай нийгмийн гүнд янз бүрийн дэвшилтэт үзэл санаа үүсч, өөрчлөлт хөгжил авчрах юмсан гэсэн үйл явц тодорхой болж байна.Үүний нэг нь “Монгол тэмүүлэл” гэж хүчтэй ярьж эхэлж буй явдал. Хоёр гурван жилийн өмнөөс монгол тэмүүллийн тухай тал талаас нь оюун ухаанаа уралдуулан ярих боллоо. Миний бие үүнийг “Монголын сэргэн мандалт”-тай холбон үзэж, өөрийн зүгээс чадлын хэрээр нэмэр болохсон гэж бодож, бодсоноо ярьж, санал бодлоо солилцож эргэцүүлж явдаг. Монгол тэмүүллийг нийт ард түмний дунд уриалан дуудсан, үндэстний бахархлыг сэргээн таниулсан цөөнгүй  нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, орон даяар цацагддаг телевизийн сувгуудтай хамтран бэлтгэсний нэг нь “Боловсрол суваг” телевизээр гаргаж буй “Монгол тэмүүлэл - Монгол ухаанаар хөгжихүй” теле цуврал лекц нэвтрүүлэг юм.
Тэмүүлэлгүй хүн гэж үгүй. Энгийнээр хэлбэл, би амьдралыг ингэж төсөөлж байна, би тийм хүн болно, орчин ахуйгаа ингэж өөрчилнө гэж төсөөлж, харж, мэдэрч байгаа, ирээгүй цагийг ойртуулж байгаа ихээхэн эрч хүч юм. Ийм эрч хүч оюуны болоод сэтгэл, бие бялдрын өндөр хэмжээнд давалгаалж байгаа хэрэг. Тэмүүллийг далайн давалгаатай зүйрлэж болно. Гэхдээ хүний дотоод сэтгэлд, оюунд үүсч байгаа донсолгоо. Дунд зэргийн хүмүүс илүү ажиллахыг мэрийдэггүй, хүч бага зараад ашиг олох, ерөөс ялгарч тэмцэж тэмүүлэхийг боддоггүй нь цөөнгүй тохиолдолд ажиглагдсан. ХҮН гэдэг амьтанд их эрчим хүч, чадал, чадамж, нөөц бий. Байгалиас заяасан ийм нөөцийнхөө талын талын талын талын талыг ч ашиглахгүй байна гэж багш хүний хувьд би оюутнууддаа байнга хэлдэг. Хүн болгоны чадал адилгүй ээ. 75 ваттын чийдэн түүндээ хүрч байж л орчныг гэрэлтүүлнэ. Үүнийг хүн дээр авч үзвэл 75 ваттдаа хүрэх байтугай дөнгөн данган 15 ваттаар л асч явна. Энэ дутуу хүчдэлийг зөвхөн “тэмүүлэл” хэмээх генератор л нөхөж өгч чадах юм. Хүний оюун ухаан, тархины үйлдэл секундэд хэдэн мянган сая үйлдэл хийдэг хамгийн сүүлийн үеийн цахим тооцоолуураас хамаагүй илүү.   
Тэмүүлэлгүй бол жигүүргүй шувуу, сэлүүргүй загас гэсэн үг. Ассан гал шиг залуу насыг ердийн өнгөрөөвөл эмгэнэл. Бодох сэтгэх, ажиллах, сурахад жолоо цулбуураа таталгүй чөлөөтэй тавих хэрэгтэй. Харин аливаа муу үйлд жолоогоо аль сайнаар татаж явах нь зүйн хэрэг.  Муу муухай үйлд цулбуураа татаагүйгээс зарим нь яагаа ч үгүй “шоронгийн хадаас” болж байна. Би их эвгүй л зүйрлэлээ. Гэвч ингэж хэлэхээс өөр арга алга. Залуу нас гэдэг бол ургамал жимсээр дүүрэн цэцэрлэгт хүрээлэн юм. Хүмүүст ямар сайхан агаар, эрч хүч, оюун бодол өгнө гээч. Ийм сайхан үеийг, насыг анзаарахгүй байгаа бол хэлээрээ өвс хуйлан иддэг үхрээс юуны ялгаатай. Оюутан насны дөрөв жил асар үнэ цэнэтэй он жилүүд. Амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн их сурч боловсрох, хамгийн оргил сайхан үе. Тиймээс энэ дөрвөн жилийг дөчин жилийн дайтай болгох ёстой юм. Юугаар бий болгох вэ? Монгол тэмүүллээр. Би хэн юм бэ гэж өөрөөсөө асууж, өөрсдийгөө эхлээд нээ. Би юуг чаддаг, юуг чаддаггүй юм, хаана очих, ямар хэмжээнд хүрэх ёстой юм, ирээдүйд хэн байх ёстой юм, миний байр суурь хаана байгаа юм, Монгол гэдэг орондоо би юуг бүтээж өгөх ёстой юм? Энэ бүгдийг өөрөөсөө нэх. Ингэж өөрийгөө шүүгээд, захираад, зоригжуулаад ирэхэд өмнө чинь өндөр уул мэт том зорилго аяндаа босоод ирнэ. Тэмүүлэл гэдэг бол заавал хүрэх ёстой өндөр уулын оргилд хүрэх зам жим гэж би үзэж байна. Уулан дээрээс хавь ойр тун ч сайхан харагддаг даа. Хэрвээ чи хар багаасаа махраад гадаадын гурван хэлийг дүрэм ёсоор нь сурчихвал тэр уулан дээр гараад ирлээ. Гурван хүний дайтай боллоо гэсэн үг. Хүний сурсныг би яагаад сурч болдоггүй юм бэ, хүний чадсаныг би яагаад чаддаггүй юм бэ гэдэг асуултыг тавиад өөрийгөө зэмлээд үзээрэй. Уурын хөдөлгүүр зохион бүтээсэн Эдисон, физикт нэрээ мөнхөлсөн Ньютон гээд олон эрдэмтэн багадаа тааруухан сурлагатай байж, энэ нь харин тэднийг амьдралдаа тэсрэлт гаргахад хүргэсэн байдаг. Тэмүүлсэн хэрэг. Тэмүүлэл дандаа амжилт олохын нэр биш. Унаж тусахын нэр. Чанга унахын хэрээр өөртөө ялалт авчирдаг. Тэмүүлэл гэдэг бас бодоод, бясалгаад, мөрөөдөөд байхын ч нэр биш, өөрийгөө ялах ялалт юм. Зүрхээ, сэтгэлээ асар ихээр асааж өгөхийн нэр. Оюун ухаан, тархиа бас ажиллуулж өгөхийн нэр. Сэтгэл, зүрх, тархи гурав чинь хамт байж том амжилтад хүрнэ шүү.
Хүн нэг бүр сайхан амьдрахыг мөрөөддөг. Гэтэл энэ мөрөөдөл өөрөө биелчихгүй. Асар их тэмцэлдээн, бэрхшээл туулж, эрсдэл давж байж бий болдог. Эрсдэл гэж энгийнээр хэлбэл юу вэ? Амьдрал дээр бүх юм санаснаар бүтнэ гэж байдаггүй. Хүний гаргаж болох амжилт нууц, далд байдаг. Аюул тохиолдвол чи эргээс үсрэх л хэрэгтэй. Эрсдэл үүнтэй адил. Алхам бүр эрсдэл шүү дээ. Эрсдэлгүйгээр амжилтад хүрсэн нэг ч улс төрийн зүтгэлтэн, бизнесмен байхгүй. Гэхдээ тайлах ухаан, тооцоолох чадвар, зөн билэг таныг эрсдлээс аварна. Зарим нь мөнгөөр, алтаар, нэр алдраар одоохондоо тоглож л байна. Буруу хөдөлбөл хариугаа айхтар авна даа.
Өмнө чинь олон салаа зам байгаа. Бартаатай боловч хамгийн зөв замаар явах хэрэгтэй. Энэ нь мэргэжлээ сонгохтой холбоотой. Мэргэжлээ буруу сонговол холгосон гуталтай юм шиг явсаар байгаад л амьдралаа дуусгана. Өглөө бүр танд шийтгэл ирнэ. Амьдрал гунигтай, цөхрөлтэй санагдана. Хэрвээ мэргэжлээ зөв сонговол өглөө болгон инээмсэглэн босоод ажил руугаа явна, мөн инээмсэглэсээр гэртээ ирнэ. Бурхнаас оноосон мэт мэргэжил бол аз жаргал гэдгийг ойлгоорой. Мэргэжлээ сонгох, тэмүүлэх хоёр нэгэн бодлын үзүүр ёзоор нь нийлдэг зүйл. “Илбэт зурхайн зарлигаар“ ганц саваагаар дохихын төдийд бүтдэг зүйл зөвхөн үлгэр, домогт л байдаг байх. Хүсэнгүүт ерөнхийлөгч, ерөнхий сайд, олимпийн аварга, урлагийн од болно гэж үгүй учраас тэр нууц, далд байгаа их зөрчил бэрхшээлийг өөртөө босгоод, түүнийгээ одоо давж туулна гэсэн тэмүүлэл бий болгох ёстой болов уу? “Санаа зөв бол заяа зөв” гэдэгчлэн ариун гэгээлэг, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл хүний дээд чимэг.  
Монгол хүний тэмүүлэл юу байх вэ? Энэ тухайд хэн ч гэсэн, та нар ч гэсэн тун олныг ярьж болно л доо. Зооглож буй хоол, явж буй газар шороо, амьсгалж буй агаараасаа монгол тэмүүллийг таньж байж монголчууд өнөөдрийн зэрэгтэй явж ирсэн байна. Монгол эрчүүд, монгол цэрэг дайчид, Монголын хаад ноёдод Монголоо гэсэн сэтгэл, ялан дийлнэ гэсэн хүсэл тэмүүлэл байгаагүй бол яаж дэлхийн хагасыг эзлэх вэ дээ. Тэр үед монголчууд цөөхүүлээ байсан. Эзлэгдсэн орнууд нь монголчуудаас хэд дахин олуулаа атал тэр цөөхөн хүнд яагаад ялагдаад байсан юм бэ? Энэ ерөөсөө тэмүүлэлтэй амьдарч байсан эцэг өвгөдийн минь гавъяа. Ухаантай, зорилготой тэмүүлэл амьдарна уу гэхээс ганц тэнэг зоригоор дэлхийг эзлэхгүй. Тэгэхлээр монголчуудад цэрэг дайны бодлогоос төр засахуйн бодлого илүү байжээ. Өөрөөр хэлбэл, газар нутаг эзлэхээсээ хүний сэтгэлийг эзэлж явж. Энэ нь ч их хаан Чингисийн цадиг, сургаалд бий.
Монгол хүний тухай хэдхэн үг хэлье. Сайхан монгол хүн. Энэ үг тун гоё дуулдаж байгаа биз. Сайхан монгол хүн гэж дахин дахин давтаж хэлж байх хэрэгтэй. Монголчуудын тухай дэлхийнхэн янз бүрийн булан тохойноос хандаж ярьдаг. Залхуу, бүдүүлэг, соёлгүй, танхай гэх мэтчилэн. Түүхээр өсөрхсөндөө ингэж хэлж болох ч үнэний хувьтай шүү. Нүүр түлэгдмээр юм их дуулдах юм. Зэрлэг танхай авирыг ялангуяа гадаадад байгаа монголчууд багагүй гаргаж, сайхан Монгол орны нэрэнд сэв суулгаж байна. Бид ийм нэрнээс салах цаг болсон. Сайхан монгол хүн гэж хэлэгдэх учиртай биш үү. Монголчууд уужим сайхан сэтгэлтэй, үнэнхүү зочломтхой гэхлээр би баясдаг. Оросын буриадын нэг гавъяат боксчин надад “Монголдоо очих гоё шүү. Галт тэрэгнээс буунгуут гадаа талбайд ч хамаагүй тарайгаад хэвтчих юмсан. Хар толгойтнуудаа хараад баярласандаа уйлах шахдаг, хоол нь амттай, юм элбэг дэлбэг тэгээд хямд” гэж ирээд ярихад би өөрөө бараг нулимс унагах шахсан. Ингэж дэлхий даяараа магтуулдаг болбол мөн гоёо. Зарим муухай зуршил салж өгөхгүй байна. Бид тэнгэрээр нэг хүржигнэн том юм ярьдаг. Үнэндээ бол, бүүр жижиг гэх зүйлээс эхлэх нь зүй. Наад зах нь гудамжинд цэр нусаа хаяхаа больё. Хог цаас хаячихвал тэр цээр хүлээсэн мэт болъё. Сүхбаатарын талбайгаа хар. Сайхан талбай. Миний явсан том орнуудын талбайгаас дутах юмгүй, харин ч илүү том байгаа ч гэсэн ийм уужим том талбай дэлхийд ховор гэхээ байя. Тэнд бөөн бөөн хар толбо, шүлс, тос элдвийн зүйл байх юм. Зажилсан бохио хогийн сав руу хийчихдэг болбол чи эх орноо хайрлаж сурч байгаа хэрэг. Бага биш тус. Төрийн ордны үүдэнд ч гэсэн зажилсан бохины толбо хаа сайгүй байна. Гадаадынхнаас мөн ч их ичих юм даа. Тоос шороо бол ахуйн дайсан гэсэн сэтгэлгээг бүр багаас нь бий болгомоор. Идэр гэдэг нэгэн жолооч залуу машинаас тамхины ишээ хаяхад их бухимдахыг хараад би л хувьдаа үнэхээр баярласан. Түүний нүдэнд ус ундаа, архины шил, гялгар уут бөөлжис мэт харагддаг гэнэ. Ийм “идэрүүдийг” тун олон болгомоор. Жолооч нар “сигнаалдах” нь чих дүлийрмээр. Нидерландад жолооч жилдээ нэг удаа ч дуут дохио хангинуулдаггүй, тийм зориг зүрх хүрдэггүй гэж ярих юм билээ.  
Бид юугаараа давуу, юугаараа дутуу гэдгээ бид мэдэж байх ёстой. Монгол хүн хэнээс ч дутахгүй гэсэн том тэмүүлэл, том хүсэл, том эрмэлзлэлээр жигүүрлэж байж дэлхийн түвшинд хүрч чадна. Бид цөөхөн нь үнэн. Бидний цөөхөн бор монгол, цөөхөн монголчууд, бага буурай орон, ядуу монголчууд гэсэн үгийг хүн бүр, тэр тусмаа улстөрчид хүртэл давтан хэлсээр улиг болжээ. Энд үнэхээр тэмүүлэл алга. Амьдралыг дэндүү бараанаар харвал гутранги үзэл төрдөг. Ер нь монгол тэмүүллийн дайсан гутранги үзэл юм шүү, залуус аа. Монголчууд олуулаа гэж ярих ёстой. Монголчууд хүчтэй гэж ярих ёстой. Цөөхөн гэж ярих гээд байгаа бол цөөхөн байх тусмаа улам их хүч авдаг ард түмэн гэж бодох хэрэгтэй. 2.6 саяулхнаа, цөөхөн дөө гээд атийгаад суугаад байх юм бид юуг ч бүтээхгүй. Харин хүн бүр өөрийгөө гурван хүний дайтай бодож, гурван хүний дайтай сэтгэж, мөн төдий зэрэгтэй ажиллаж байж гэмээн 2.6 сая хүнээ тав зургаан сая хүн шиг болгож чадна. Цөөнийг нөхөх арга энэ. Оюун ухаанаа хүний нөхөн үйлдвэрлэл болгоод зургаан сая хүнтэй юм шиг байж, тэгж байж ирээдүйн сайхан Монгол орныг ойртуулна. Хүний цөөн олноор хөгжлийг, тухайн орны чадлыг хэмждэг үе өнгөрсөн шүү дээ. Энэтхэг гэж тэрбум хүнтэй, Хятадын дараа ордог аугаа үндэстэн. Би Энэтхэгийн ард түмэнд хайртай, яагаад гэвэл энэ ард түмэн дэлхийн аугаа их соёлыг чирч явсан. Дэлхийн соёлд их өв дурсгал үлдээсэн орон бол Энэтхэг, Хятад яах аргагүй мөн. Гэвч Энэтхэгээс олимпийн аваргууд олноороо төрөөд, спортоор дэлхийд ноёлоод байгаа юм бий юу? Үгүй. Гэтэл ийм цөөхөн ард түмнээс олимпийн нэг биш аварга гараад ирлээ шүү дээ. “Бага ч гэсэн чанартай нь дээр” гэсэн үгийн учир начир энэ.  
Монгол дэлхийтэй чангаалцан зууралдахад дутах юм ерөөсөө ч үгүй. Бид сансрын нисгэгчтэй, Хойд мөсөн далайд аялсан туйл судлаачтай, дэлхийн өвд бүртгүүлсэн морин хуур, уртын дуутай, дэлхийн олон аваргатай. Японд хэдэн зуун жил хөгжиж, үндэсний болоод бүхэл бүтэн шинжлэх ухаан болсон сүмогийн дэвжээнд монголчууд ноёлж байна. Орос, Гүрж, Иран, Туркийн бөхчүүд монголчуудаас хол давуу. Гэсэн ч монголчууд ааглаад байгаагийн учрыг та бүхэн олоорой. Бид өөрийн гэсэн эх оронтой, өөрийн гэсэн өмчлөх газар шороотой. Өөрийн гэсэн сүлд, төрийн дуулалтай. Өөрийн гэсэн асар их баялагтай. Газрын дорхи баялгийнхаа 80 гаруй хувийг ер ашиглаагүй. Бусдаас гуйх юм ховор. Гагцхүү монгол хүн өөртөө итгэх л хэрэгтэй байна. Монгол орондоо, монгол хүндээ итгэх хэрэгтэй байна. Монгол эх орондоо улам хайртай болох хэрэгтэй байна. Залуус та нар минь охид,   бүсгүйчүүдэд дурладаг шигээ эх орноо хайрлах хэрэгтэй байна. Монголынхоо хамгийн жижиг толгодыг ч гэсэн чин сэтгэлээсээ хайрла. Жижиг ч гэсэн тэр зүгээр толгод биш юм шүү. Энэ бол миний эх орны нэгэн хэсэг, үе үеийн эх орончдын цусаар тамгалж үлдээсэн өв их эрдэнэ гэж хайрлаж бахарх. Өнөөдөр байсан уул маргааш үгүй болж байна. Төрсөн нутгийн чинь олон уул байхгүй болсон шүү. Тэр яасан бэ? Улангасч байна. Алтны төлөө, ашигт малтмалын төлөө, уух идэх, ашиглахын төлөө хайран сайхан орноо сүйтгэж байна. Үүнийг та нар маань өөрийн чинь нүцгэн биеийг мэсээр сийчихийн дайтай мэдрэх хэрэгтэй. Нийслэлийг эмжээрлэдэг үзэсгэлэнт сайхан гол руугаа давшилсаар ширгээж байна. Мөдхөн Хатан Туул урсахаа болино. Ганцхан голоо харсаар байгаад ширгээх нь ээ бид. Бургасыг нь хадаад, загас жараахайг нь хядаад, бохир бүхнээ юүлээд, голын ундаргын эх дээр шавар байшин босгоод, ухаж сүйтгээд ийм болгочихлоо. Дайсандаа ч ингэж хандаггүйсэн. Нүдэн дээр амь тасрах нь. Гэтэл гадаадынхан ирээд голыг минь цэвэрлэж, бохир бүхнийг нь арилгаж, эхийг нь хамгаалж байх юм. Яасан ичдэггүй, яасан айхаа байчихсан юм бэ, бид чинь. Хайрлан хамгаалах үүрэгтэй унаган ард иргэд нь байна. Байгаль хамгаалах яам, Ногоон нам гэж ч бий, уг нь. Ийм л юмны төлөө яримаар байна. Өөрөөр хэлбэл, өөрсдөөсөө эх орноо аврах тухай чанга дуугаар ярья. Хэн нэгэн харийн дайснаас эх орноо аврах тухай ярих шаардлага ч үнэндээ алга. Зэвсэг хангинуулж, гаднаас цөмрөн орж ирээд Монголыг эзэлчих явдал гарах ч үгүй байх. Байгалийн  дайсан бидний дотор байна.  
Монголчууд бид хүлээн зөвшөөрөх чадвараар тун дутмаг юм. Юм хийж бүтээж, санаж сэтгэж, өөдрөг яваадаа урам хайрлах юмсан. Харамгүй сэтгэлийн илч энергиэр бие биенээ тэтгэж байх юмсан. Сайхан монгол хүн бий болгохын тулд манайхны өвчин болоод байгаа атаач, атуурхуу, өс хонзон санадаг чанарыг бүрмөсөн үгүй болгомоор. Бие биеэ хэмлээд дуусахгүй юм. Өөдөө явах гэсэн болгоныхоо хөлөөс чангаагаад байвал энэ улс яаж хөгжих юм бэ. Монгол хүнийг өөрсдийнх нь дайсан болгож болохгүй. Өрсөлдөгч байж болно. Инээж байгаад цагаан сэтгэлээр өрсөлдөх хэрэгтэй. Шинэ үеийнхний дундаас олон сайхан залуус гарч ирж байна аа. Саяхан “Өдрийн сонин”-ы дугаараас Хатанбаатар бил үү дээ, нэг залуугийн ярилцлага уншаад үнэхээр бахархсан. Тэр маш богино хугацаанд сэтгэн боддог, гайхамшигтай ой тогтоолттой юм байна. 1650-аад оноос өнөөдрийг хүртэлх бүх үйл явдлыг санадаг гэнэ. 1770 оны тэр өдөр юу болсон бэ гэж асуухад шууд л Францад тийм үйл явдал болсон гэж хариулах жишээтэй. Гайхамшигтай байгаа биз. Тэгээд бас нэг минутанд мянган үг уншина, 50 ширхэг хөзрийг хэдхэн секундэд харуулахад л бүгдийг нь цээжилчихдэг гэнэ. Ийм гайхамшигтай оюун ухаан монгол хүний тархинд байна.
Залуу үе, ахмад үе хоорондоо жаахан толхилцдог тал бий. Бүх ахмад залуу үеэ “Өнөөгийн залуус ч гэж дээ, юм хийхээ больж. Залхуу болж. Хүн чанараа алдаж” гэж ярьцгаадаг. Тавиад онд ч, далаад онд ч, одоо ч ялгаагүй. Ямар үзэл бодолтой байлаа ч ахмад залуу үеийн хооронд чулуу хавчуулж болохгүй. Залуус “Үеэ өнгөрөөж хоцрогдсон хөгшчүүл юу юм бэ, тэд бидэнд хэрэггүй” гэж байгаа бол төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ нүүр өөд шороо цацахтай адил. Тэд чинь цул ухаан шүү. Залуусын үзээгүйг үзчихсэн, туулаагүйг туулчихсан болохоор тэр. Нэгэн үе хэт хэлбийсэн үзэл бодлоо Монголын залуус өөрчлөн ухаажиж, дэргэдээ байгаа буурал өтгөсийнхөө  нөмөр нөөлөг дор цэцэглэж дэлгэрэх хэрэгтэй. Тэдэн шиг үнэн үгийг шулуухан хэлчихдэг улс байхгүй. Бага алдъя гэвэл, эрт ухаажъя гэвэл амьдрал дунд хөлөө олъё гэвэл илүү оймс элээсэн тэрхүү ардын сурган хүмүүжүүлэгчдээсээ суралцах хэрэгтэйг биеэрээ туулсны хувьд би онцолж байна. Зохиолч, сэтгүүлч, эмч, багш, инженер, урлагийнхан хэн ч гэлээ сайхан сайхан буурлуудынхаа хормойноос зүүгдэж гарч ирсэн юм шүү. Би энэ лекцийн хүрээнд Хэл иргэншлийн дээд сургуулийнхантай уулзаж таарлаа. Танай сургууль бол Чой.Лувсанжав хэмээх Монголын сор сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их ухаантнаар өлгийдүүлсэн газар юм шүү. Их хүмүүсийн үлдээсэн оюуны өв хэзээ устаж үгүй болдоггүй. Энэ эрдэмтний үлдээсэн буянаар та бүхэн өнөөдөр монгол бичгээрээ хэний ч өмнө нүүр улайхгүй сайхан бичдэг, хэцүү бэрхийг тайлж уншдаг юм билээ. Монгол бичиг бол хазгай хэл, муруй сэтгэлгээг засч, өргөжүүлж, ухаан арвижуулж, хүний сэтгэлийг цөлх болгон нигүүлсгэж, өвгөд ихсийг аандаа хүндэлдэг болгодог үнэхээр ариун гэгээн ид шидийг өөртөө шингээсэн соёлын алтан суварга юм. Амьдралд туулсан, үзсэн тэр туршлага, хуримтлуулсан мэдлэг дадал юугаар ч орлуулшгүй баялаг гэдгийг хэн ч батлан хэлж чадна.
Миний үе биш ч гэлээ, би хувьдаа жараад оны сэхээтнүүдээр тун чиг бахархдаг. Тэр үе бол Монголын дахин сэргэлтийн үе. Хийвэл хийсэн шиг хийж, ёстой л дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг байжээ. Тэдний маань алхны тогшилт, тракторын дуу, хүрзний чимээ, симфони хөгжмийн аялгуу эгшиглэх шиг болдог. 1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхэн үед бүх салбарын шилмэл мэргэжилтнүүд гадаад, дотоодод бэлтгэгдэн гарсан. Ихэнх нь 2-3 хэлтэй, хөгжим ч тоглочихдог, спортоор хэнээс ч дор орохгүй, ямар өөдрөг итгэлтэй, баяр баясгалантай улс байж вэ? Одоо элит гэж яриад байдаг шүү дээ, тэднийг. Монгол хүний хамгийн бахархам үе байх шүү. Утга зохиол, урлаг, шинжлэх ухаан, хэл судлалын аль ч салбараас хэнийг ч гаргаад ярьж болно. Тэмүүлнэ гэдэг зөвхөн урагшаа харахын нэр бас биш. Урд чинь үлгэр авах хүн тэр бүр тааралдахгүй байж болно. Өнгөрүүлсэн түүхэндээ суурилан оргилж дэврээд цаашаа явбал том амжилтад хүрнэ. Монголынх шиг гайхамшигтай түүх тэр бүр ховор. Бид өнөөдөр зөвхөн Чингисийн Монголыг л ярьж байна. Үүнээс өмнөх хүчирхэг төрт улс Хүннүгийн тухай ер ярихгүй байна. Монголынхоо түүхийг жаахан урагшлуулж харах юм бол үндэсний бахархал, үндэсний үзлийн ааг амт тэнд бий. Улс орон болгонд эх оронч бий л дээ. Гэхдээ Монголын эх орончид огт өөр. Газар шороо, мал, ард түмнээ жинхэнэ ёсоор хайрладаг эх орончид. Бид сайндаа энэ Монгол оронд танхил хангалуун амьдраагүй. Өвөг дээдсийн цус, хөлсөө урсгасан дэвсгэр дээр дулаан хөнжилдөө тийчилж байгаа юм шүү. Бид хэдий болтол ийм жижигхэн байх юм бэ. Том болох хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөөрөө том болох хэрэгтэй. Төр нь хүчирхэг, ард иргэд нь ёс зүйтэй, хариуцлагатай, шоргоолж шиг хөдөлмөрч байх ёстой. “За гэвэл ёогүй” гэж үгийг учир утгатай хэлж суръя. Өөрөөр хэлбэл, хэлсэн үгэндээ эзэн болж суръя. Бүх үед за гэх шаардлагагүй. Зарим үед “үгүй” гэж хэлж сур. Заримдаа энэ үг “за”-гаасаа илүү байдаг юм шүү. “За” гээд хүний ажил нурааснаас хавьгүй дээр.

Өнөө үед асар их мэдээллийн бололцоо байна. Биднийг оюутан байхад сургуулийн номын сангууд үргэлж гэрэлтэй байдаг байлаа. Ном уншиж байна гэсэн үг. Тархи оюундаа шинийг хурааж байна гэсэн үг. Одоо заавал тэгэх албагүй. Гэртээ интернэтийн холбоогоор хичээлээ хийгээд, багштайгаа бас түүгээрээ харилцчихдаг болсон. Өнөөдөр 20-иод телевиз, өдөр тутмын 20-иод сонин ажиллаж байна. Мэдээллийн маш том уурхай байгаа биз. Телевизээр сайхан сайхан залуустай та нар бишгүй л уулзаж байгаа. Англи хэлний хөгжлийн төлөө ажил үйлсээ зориулж яваа Даваахүү гэдэг залуугийн зөвлөгөө надад сонирхолтой санагддаг. Тиймээс ч би оюутнууддаа тэр хүүгийн яриаг сонс, бод, оролц гэдэг юм. Эрх чөлөө гэдэг энэ шүү дээ. Оюуны энэ аугаа эрх чөлөө рүү жигүүртэй шувуу шиг дэвж орвол үнэхээр сайн.
Хүүхэд залуусаас “Чи ирээдүйд хэн болох вэ” гэж асуухлаар ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын гишүүн, том дарга болно гэх нь олонтаа. Сайн л хэрэг. Гэхдээ эхлээд ядаж гэртээ ерөнхий сайд бол. Шинжлэх ухаанд хэнээрхэлтэй бол. Номонд дурла. Тэгж байж тэр суудалд эрдэм чадлаараа гарч суу. Монгол хүн гэхээр л монгол нутагтаа суугаад байж болохгүй ээ. Гадаадад яв. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг дээ. Насны багад хүнтэй уулз, аавын бийд газар үз ч гэдэг. Гадаад их далайн цаана юу болж байна, тэр их соёл, эрдэм оюунаас шүүрэн тээж ирэх нь монгол тэмүүллийн нэг хэсэг мөн. Гэхдээ тэнд шингээд уусан алга болж болохгүй. Толгойдоо их юмтай мундаг том сэхээтэн, эрдэмтэн болчихоод эх орондоо асар их өөрчлөлт хийх өндөр тэмүүлэлтэйгээр инээсээр ирэх ёстой. Эх орон нь инээсээр тэврэн авах ёстой. Гадаад амьдарч ажиллаж яваа монголчуудад биднээс илүү эх оронч үзэл байдаг. Яагаад гэвэл, тэд харьд Монгол орноо бүхлээр нь тээж яваа.  Эх орондоо ирэхгүй удаг хамаагүй, харин гадаад хүнтэй ханилж суугаад байж боломгүй. Ажаад байхад, 100 айл бүрийн нэг бүсгүй гадаад хүнтэй гэрлээд байх шиг. Энэ бол дан ганц хувийн хэрэг биш ээ. Үндэстэнг устгах хамгийн амар зам энэ байдаг юм шүү дээ. Эмэгтэйчүүд нь гадаад хүнтэй сууж, үр удам нь монгол хэлээ мартаж, эх соёлоо гээнэ. Монгол эрчүүд ухаажиж, ажилсаг болж, амьдралаа авч явж чаддаг болох хэрэгтэй. Гадаадын хэн нэгэн жирийн хүнд зай тавьж өгч болохгүй шүү дээ. Эх соёлоо хамгаалах талаар нэг зүйлийг байнга санаж анхаармаар. Гурван настайгаас нь эхлээд хүүхдээ хятад, орос, англи хэлтэй  цэцэрлэгт оруулж байгаа нь монгол бус хүн болгож байгаа юм шиг санагддаг. Ингэснээр яахав, унаган гадаад хэлтэй болно оо. Гэвч монголоороо уншиж, бичиж чаддаггүй, хамгийн осолтой нь монголоороо сэтгэж чаддаггүй “сэтгэлгээний эрлийз” хүмүүс гарч ирж байна. Монгол хэлний хамаг гайхамшигтай найруулга, зүйр цэцэн үгийг мэдэх ч үгүй ээрч түгдэрсэн хүмүүс олширч байна. Монгол хүн эхлээд монгол хэлээ сайхан сурах ёстой. Түүгээр зогсохгүй монгол бичгээ сурах хэрэгтэй.
Сайхан монгол хүн гэж хэн юм бэ? Япон хүн японоороо бахархдаг, би япон хүн гэж хэний ч өмнө бахархалтай хэлдэг. “Би америк хүн” гэж хэлэхдээ чин сэтгэлээсээ бахархаж, нүдэнд нь оч харваж, нүүрэнд нь гэрэл цацардаг шүү дээ. Түүн шиг “Би монгол хүн” гэж хэний ч өмнө бардам хэлэх сайхан. Ингэхийн тулд монгол хүн их соёлтой, аядуу зөөлөн харилцаатай байх хэрэгтэй. Бидний генд байдаг юм шиг Монгол хүний үг хэл, зан авир их догшин байна. Замын гэрэл асаад хөдлөх хооронд л чих дөжиртөл сигнаал дарах жишээтэй. Нидерландад явж байхдаа хараад гайхсан нэг жишээ ярья л даа. Нидерландын жолооч жилдээ нэг л удаа сигнал дуугаргавал ихээхэн бүдүүлэг хэрэг болдог гэнэ. Тэнд үй түмэн машин, хүн хөлхөлдөж байгаа ч нэг ч сигнал дуугарахгүй, жолооч нар нь инээгээд л. Жижигхэн арал дээр зуу гаруй саяулаа шахалдан яваа япончуудад ямар ч хараал ерөөл байхгүй. Монгол хүний догшин уур хилэнг зөөллөх ёстой.
Хүмүүжил гэдэг юмыг бид их орхигдуулсан. Хүмүүжил гэж ярингуут л “аа энэ хоцрогдсон” гэх болж. Энэ ихээхэн эндүүрэл. Үүнээс үүдээд монголчуудын маань зарим хэсэг зэрлэгшихэд хүрч байна. Хүмүүжил гэж хүмүүншинэ гэсэн утга, хүнээр хүн хийж, хүн болгох ухаан юм. Миний хүүхэд цагт ээж аав нүүрэн дээр минь “Миний хүү дарга сайд болоорой” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Үүний оронд “Үр удмынхаа нэрийг өргөж явах сайн хүн болоорой” гэнэ. “Ном сайн сураарай, эрдэмтэй болоорой” гэнэ. Сургалт, хүмүүжил хоёр эрхий хурууны хоёр өндөг шиг нийлж байх ёстой юм. Гэтэл бид зөвхөн сургалтыг нь аваад явчихсан. Уг зарчмаараа бол хүмүүжилтэй хүн л юуг ч сайн сурна. Таван наснаас хэтэрчихвэл хүмүүжлийн тухай ярих хэрэггүй, та хүүхдээ алдчихжээ гэж үздэгийг бас санууштай. Яагаад гэвэл, таван нас хүртэл л хүүхдийн унаган зан чанар төлөвшдөг гэж сурган хүмүүжүүлэгчид үздэг. Энэ нас хүртэл хэвшүүлсэн хэвшил амьдралын туршид алдагддаггүй. Тухайлбал, өлгийтэйд нь уйлах болгонд нь гар дээрээ бариад хөхүүлээд байвал долгомцог хүн болно. Өглөө, өдөр, орой тогтмол цагт хөхүүлж сургаснаар амьдралд дэглэмтэй хүн болно. Монгол эцэг эхчүүд бүгд гайхамшигтай сурган хүмүүжүүлэгч. Хүний, өөрийн хүүхэд гэж ялгадаггүй, бурууд адилхан зэмлэдэг, зөвд адилхан урамшуулдаг. Одоо зарим талаараа энэ чанар гээгдэж л байгаа байх.
    Үндэсний үзлийн тухайд бас нэг юм онцолж хэлмээр байна. Би өөрөө монгол үндсээ гэсэн бахархалтай үзэлтэй хүн, үүнийгээ бичиг зохиолд харуулахыг хичээдэг.  Гэхдээ монгол бол бүхнээс дээр, Монголоос бүх юм үүсэлтэй гэж хаа хамаагүй ярьж болмооргүй. Уг үндсийг нь сайн нягталж судалж байж хэлэхгүй бол улсаа мандуулах биш, хөх инээдийг нь хүргэж болзошгүй. Бусдын сайныг булаах хэрэггүй. Үнэхээр батлагдсан үнэнийг бол харин чанга дуугаар хэлэхэд илүүдэхгүй. Монгол оюун ухаанаа л дээдэлж, өөртөө өвлөн шингээж, түүгээрээ бахарх, байлд. Нэг нь нөгөөдөө, нөгөөх нь бусаддаа “Дүрэлзэж бадарсан тэмүүлэлтэй, зорилготой амьдраарай. Тэмүүлэлдээ хүрээрэй, эзэн нь болоорой” гэж хэлье. Сайн сайхан үйлс өргөжин дэлгэрэх болтугай.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 15:20 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax