Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 11)
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.БОЛОР:
Хүн болгонд бусдаас илүү авъяас чадвар ямар нэг хэмжээгээр байдаг. Түүнийгээ аль болох эрт олж нээх нь л чухал. Авъяас чадвартай зарим хүн өөрийгөө ойлгож, олдсон боломжоо ашиглаж чадалгүй ур чадвараа түгжиж, үр дүнгүй үрж байгаа нь ажиглагддаг. Техникийн авъяастай хүн байлаа гэхэд бүр багаасаа л тоглодог тоглоомоосоо эхлээд л анзаарагддаг. Бусдаас давуу чадвараа олж харж хөгжүүлэхийг л авъяасаа нээх гэж би ойлгодог юм.
Мэргэжлээ зөв сонгоход өөрийн авъяас чадвараа нээсэн эсэх нь нэг чухал нөлөөлөх хүчин зүйл юм. Төгсөх дөхлөө гэх үедээ биш, бүр эртнээс бага наснаасаа хөгжүүлж эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө, ойрын хүмүүсийн жишээг харж байхад багаасаа өөрийгөө нээчихсэн хүнд амжилтанд хүрэх хугацаа илүү наашилдаг нь анзаарагддаг. Би холбооны инженер мэргэжилтэй хүн. Мэргэжлээ хүүхэд байхдаа л сонгочихсон. Дараа нь их сургуульд суралцаж, техникийн дээд боловсрол эзэмшсэн. Техникийн салбарт сонирхолтойгоо мэдээд энэ мэргэжлийг сонгох болсноо жишээ болгож товчхон ярья. Үүнд гэр бүлийнхний нөлөө их байсан. Аав маань төмөр замын машинист хүн байлаа. Миний багад одоогийнхоор бол “Лего” тоглоомтой төстэй металл эд ангиудтай угсардаг тоглоомоор их тоглодог, энэ тоглоомыг эмээ маань бидэнд их авч өгдөг байлаа. Мөн тэр үед тун олон төрлийн дугуйлан секц хичээллэнэ. Энэ утгаараа хүүхдийн авъяасыг хөгжүүлэх боломж зарим талаар одоогийнхоос илүү байсан шиг санагддаг. Хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх сэтгүүл, ном зэрэг үзэж харах материал ч элбэг. Гэхдээ голдуу орос хэл дээр. За тэгээд, тэр тоглоомыг угсрах тусам урам орно доо. Өөрөө хөдөлдөггүй жижиг машин угсарчихаад түүнээ хөдөлгөдөг болгохын тулд резинэн мотор хийнэ. Тэгээд дараа нь нисдэг юм хиймээр санагдана. Энэ сонирхолдоо хөтлөгдөөд нисэх загварын дугуйланд орсон. Тэнд хэдэн жил суралцаад хийсэн онгоцны загварын нислэгээ гараар биш радиогоор удирдах хүсэлд автсан. Ингээд ахлах ангид байхдаа радио удирдлагын чиглэлийн юм сонирхож эхэллээ. Ингэж гүнзгийрсээр байгаад аравдугаар анги төгсөхдөө радио техникийн нэлээд ойлголттой болсон. Цахилгаан хөгжмийн чахраа, өсгөгч мэтийн хэрэгслийг тэр үед бид өөрсдөө хийдэг байлаа шүү дээ. Одооных шиг худалдаанд бэлэн байсан ч үгүй. Ер нь тэр үе буюу 1970-аад оны сүүлээс радио электроникийн салбар сүрхий хөгжиж байсан үе шиг бодогддог юм. Ингэж сонирхлооороо явсаар байгаад холбоо, электроникийн мэргэжил рүү орох замаа тодорхойлсон. Ингэж би инженер болсон доо.
Ямар мэргэжил ирээдүйтэй вэ гэдэг сонголт бас чухал. Дэлхий даяар ямар бизнесийн салбар илүү хөгжиж байна вэ? Түүнийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Одоо бол мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбар тэргүүлэх чиглэлтэй болчихоод байна. Сайн программистууд хэрэгтэй байна. Гадаад оронд аялахын тулд эхлээд интернэтээр очих газрынхаа тухай бүх мэдээллийг авч, буудал, онгоц, автобусны билетээ захиалчихна. Тэр бүү хэл очсон хойноо үзэх үзвэр үйлчилгээнийхээ захиалгыг ч өгчихдөг болсон. Энэ бүхнийг холбодог IT-ийн мэргэжил орчин үед чухалд тооцогдож, эрэлт хэрэгцээтэй байна. Бусад мэргэжлийг үгүйсгээгүй ч энэ зуун мэдээллийнх гэдэг утгаараа бусад мэргэжил ч IT технелогид суурилж болж эхлээд байна. Зарим мэргэжлийн ажлыг компьютерээр хийдэг болчихлоо. Би өөрөө холбоо мэдээллийн салбарын хүн болохоор энэ салбартаа дуртайдаа ч тэр үү, залуучуудыг инженер болоосой гэж их хүсдэг. Ирээдүйд хаана ч ажиллах бололцоотой. Дэлхийн хаана ч шүү. Японоос хүртэл мэргэжилтэн ирээд манай залуусаас шалгалт авч, ажилд уриад аваад явчихаж байна. Майкрософтод тав зургаан залуу маань ажиллаж байна. Зарим нь бүр департментын дарга хийж байгаа гэсэн. Мэдээлэлгүйгээр, мэдээллийн орчинд нэвтрэхгүйгээр, хэрэглэж чадахгүйгээр ямар ч ажил явахгүй болж байна.
Мэргэжил сонгохдоо дараа нь би хаана ажиллаж, яаж амьдрах вэ гэдгээ бодолцвол зүгээр. Зөвхөн авъяасаас гадна ажиллах салбар маань хэр ирээдүйтэй юм, ямар цалин хангамжтай байх юм, ямар үнэ цэнэтэй байх юм, тав арван жилийн дараа онц шаардлагагүй болчих юм биш биз гэх зэргийг олон талаас нь урьдчилж харах хэрэгтэй.
Үнэ цэнийг хүн өөрөө л бий болгодог. Мэргэжлээ зөв сонгохоос гадна нийгэмтэйгээ зохицон амьдарч чадах төлөвшилтэй болох шаардлагатай. Орчноо таньж мэдрэх, орчинтойгоо харилцах, асуудлыг үнэлж дүгнэн тайлбарлах чадварыг өөртөө төлөвшүүлэх тухай ярьж байна. Сайн мэргэжилтэн байхаас гадна нийгэм, хамт олон дунд амьдрах чадвар тун чухал байдаг. Орчин үед багийн ажиллагааны үнэ цэнэ хувь хүнээс илүү болоод байна. Бизнесийн байгууллагууд ажилтан ажилд авахдаа хүнтэй харилцах, багаар ажиллах чадварыг гол шалгуур болгож байгаа. Дэлхийн ганц монополь компани болох Майкрософт ажилтан авахдаа долоон шалгуур тавьдаг юм байна. Гэтэл мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин гэсэн үзүүлэлт хамгийн сүүлд нь тавигддаг гэнэ. Харин хамгийн эхний шалгуур нь багаар ажиллах. Багаар ажиллаж чадах уу, өөрийгөө илэрхийлж чадах уу, хувийн зохион байгуулалт сайтай юу гэдгийг түрүүлж асууж шалгаад хамгийн сүүлд нь мэргэжлийн ур чадварыг нь үнэлдэг гэсэн.
Анхаарах бас нэг чухал зүйл бол төлөвшил. Зах зээлийн нийгэмд хүнийг ажилд авахдаа дараах шалгууруудыг хэрэглэж байна.
Нэгдүгээрт, хэр шударга, итгэлтэй хүн бэ?
Хоёрдугаарт, хэр зэрэг мэдлэг чадвартай хүн бэ?
Гуравдугаарт, хэр төлөвшилтэй хүн бэ?
Мэдлэг чадвартай мөртлөө төлөвшөөгүй, өөрөөр хэлбэл олны дунд ажиллаж чаддаггүй, ганцаараа мэт авирладаг, хүнтэй маргалдаж хэрэлдэхдээ амархан байвал үнэлэгдэхгүй байх жишээтэй. Эдгээр чанарыг дунд сургуульд сурч байхаасаа бүрдүүлэх хэрэгтэй юм. Ингэвэл олон талаараа үнэ цэнэтэй хүн болж чадна.
Ажилтнууддаа байнга хэлдэг нэг үг надад бий. Манай хамт олон ерөнхийдөө залуухан, дундаж нас 27. Боловсролын хувьд ч, төлөвшлийн хувьд өндөр шалгуур давсан нэлээн үнэ цэнэтэй хүмүүс гэж хамт олноо би дүгнэдэг. Гэсэн ч би тэдэндээ “Та нар залуу насандаа өөрийгөө сурч мэдэж боловсроход жаахан зовоо. Дээд сургууль төгсөнө гэдэг барилгынхаа суурийг л тавилаа гэсэн үг. Энэ байшинг чи амьдралынхаа туршид барина. Хэр зэрэг сайхан барилга болох нь чамаас өөрөөс чинь л хамаарна. Залуу нас гэдэг од харвахтай л адилхан богинохон шүү. Нас ахисан хойноо өөртөө харамсав даа” гэж.
Хүүхэд байхад 40 нас мөн ч хол санагддаг, гэтэл ажил амьдралд идэвхитэй оролцоод ирэхээр нэг л мэдэхэд олон жил өнгөрчихсөн байдаг. Залуус насан туршдаа залуугийнхаа эрч хүчтэй байх юм шиг санаж яван зарим талаараа алддаг. Дасгал хийж яах юм, би тэртэй тэргүй чийрэг байна гэж залуу хүн боддог. Гэтэл хөгшрөөд ирэхээрээ залуу байхдаа хийж байхгүй яав даа гэж харамсдаг. Насан туршийнхаа амьдралын үнэ цэнийг залуу насанд л босгодог юм. Хүн нас ахиад ирэхээр эрч хүч нь суларч ажилд гологдоод эхэлнэ, тэглээ ч гэсэн амьдралаа үргэлжлүүлэх л хэрэгтэй биз дээ. Жар далан настай болсон ч амьдрах л ёстой. Аль болох удаан хугацаанд үнэ цэнэтэй байж, дараагийн үед шахагдахгүйн тулд залуугаасаа л өөрийгөө идэвхтэй боловсруулан хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ч өөдрөг сэтгэл урам зориггүй, бие бялдрын хувьд сул хүмүүс бүтээмж муутай байна.
Ямар ч байгууллага ажилтнаасаа үр дүн л хардаг. Эрч хүчтэй хүн хүнд энерги өгч, хүнээс бас авч чаддаг. Хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг. Одоо дайсан гэдэг ойлголт их өөр болсон. Эрт дээр үед буу, сэлэм бариад өмнөөс дайрсныг, дайсагнахыг ингэж хэлдэг байсан бол одоо үед хүний хөгжилд хамгийн том саад бологч “хүн өөрөө өөртөө л дайсан" болсон. Өөртэйгээ хийсэн тэмцэлд хүн голдуу ялагдаж байна. Өнөөдөр ном уншъя гэтэл маргааш гэж цаг байна шүү дээ, яарах юу байхав, би залуу байна гээд л хойшлуулна. Өглөө босоод 30 минут дасгал хийчихье гэтэл жаахан унтчихна нь дээр юм шиг санагдана. Энэ бүхэн бол өөрөө өөртөө ялагдаж байгаагийн бодит жишээ. Тэгэхээр хамгийн хүчтэй хүн өөрийгөө дийлдэг хүн юм байна. Ийм хүн өөрийгөө үргэлж хөгжүүлэн үнэ цэнэтэй байлгадаг, ажилдаа ямагт шинийг эрэлхийлдэг, ингэснээрээ амжилт гаргаж байдаг, хамт олныхоо дунд өөдрөг дулаан уур амьсгал бий болгож явдаг.
Хувь хүн бүр өөрийнхөө амьдралын эрхэм зорилго, зорилтыг тодорхойлох хэрэгтэй. Байгууллага бүр өөрийн эрхэм зорилго, хэтийн зорилт, үнэ цэнээ тодорхойлж, түүнийгээ хамт олноороо хүлээн зөвшөөрч мөрддөг. Хувь хүн ч гэсэн өөрийнхөө зорилгууд, үнэ цэнээ тодорхойлж зорилготой амьдрах нь хамгаас чухал. Ийм маягаар маш тодорхой зорилготой явахад үр дүн заавал гардаг. Хүн нэг бүр нь зорилго тэмүүлэлтэй байж түүндээ хүрвэл улс орны ч хөгжлийн зорилго биелэх юм.
http://www.mongoliandream.mn/