2011-10-27
МӨРӨӨДӨЛ ТЭМҮҮЛЭЛ АМЖИЛТЫН ҮНДЭС

Монгол ухаанаар хөгжихүй (цуврал лекц 1)


Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.ГАНБААТАР:



“Мөрөөдөл, тэмүүлэл амжилтын үндэс” сэдвээр та бүхэнтэй ярилцъя. Хэн ч ялгаагүй, тэр дундаа залуучууд өөртөө маш олон асуулт тавьж байгаа. Амжилттай байхын тулд юуг анхаарах ёстой вэ? Юун дээр анхаарлаа төвлөрүүлбэл амжилтанд хүрэх вэ? Энэ асуултууд хамгийн их тавигдаж байгаа байх. Би арай өндөр байхгүй яав аа, би заяаныхаа ханийг олох болов уу, би сайн мэргэжилтэй болж чадах уу, энэ мэргэжил миний ирээдүйг тодорхойлох уу гэх мэт олон асуулт тавьж яваа хүүхэд залууст энэ лекцээрээ хариулт өгөхөөр шийдлээ. Энэ олон асуултандаа зөв хариулт олж л байвал амжилтанд хүрнэ гэсэн үг. Буруу хариулт олоод, буруу хариултыг зөв гэж үзээд явбал алдаж эндэж, амжилтгүй байх магадлалтай.

Өөрөөсөө асуух ёстой хамгийн гол асуулт бол “Миний амьдралын туйлын зорилго яг юу юм бэ? Энэ цэнхэр гараг дээр, энэ Монгол оронд юуны тулд төрсөн юм бэ? Яах гэж би өнөөдөр өөрийгөө зовоон байж, аав ээжээ зүдрээн байж сурч байгаа юм бэ?”. Энэ асуултуудад хариулах нь хамгийн чухал.

Амьдралын туйлын зорилгоо яг юу вэ гэдгийг юун түрүүнд тунгааж бод. Хүн бүрийнх өөр өөр. Бүгдээрээ буруу биш, зөв. Асуулт нь хариултаасаа илүү зөв гэдгийг л би хэлэх гэсэн юм. Гурван өрөө байрны төлөө амь тавьдаг хүн зөндөө бий. Бас Солонгос явахын төлөө амьдардаг хүн байж болно. Их сургуулийн диплом авч  байвал бусад нь хамаагүй гэж боддог хүн ч байж болно. Аз жаргалтай амьдрахын төлөө, сайн хань ижилтэй болохын төлөө тэмүүлсэн маш олон амьдралын зорилго байдаг. Энэ бүхнээс хамгийн гол, зөв зорилгоо барьж авах нь амжилтын үндэс юм.
Амьдралын туйлын зорилго гэдэг бол олон олон хүний хувьд хүмүүсийг хайрлах явдал. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд ирээд буцахдаа хайрлах, бас хайрлагдах явдал. Хайр гэдгийг хүмүүс олон янзаар ярьж, янз янзаар тайлбарладаг. Яруу найрагт хайрыг зүгээр л сэтгэлийн хөдлөл, мэдрэмж гэж ойлгуулахыг оролддог. Гэвч энэ тийм биш юм. Хайр гэдэг юу юм бэ? Энэ бол хариуцлага. Тэгэхээр амжилтын үндэс бол би юу мөрөөдөж, юуны төлөө амьд яваа юм бэ гэдгээ байнга асууж тодорхойлон, түүнийхээ төлөө хариуцлагаа биелүүлэх явдал. Аль уул руу авирах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа тохиолдолд хурдан авирах тухай ярих хэрэггүй шүү дээ. Хаашаа авирах нь тодорхой болчихвол энэ замынхаа хаана хүрээд байна вэ, амжилттай авирч байна уу, удаан авирч байна уу, огт авирахгүй байна уу гэдэг нь тодорхой болно. Авирах уул чинь аль нь вэ? Алтай таван богд уу, Богд Дүнжингарав уу, Шилийн богд уу, Их богд уу. Яг аль руу авирах нь зөв бэ гэдгээ тодорхойлоогүй байж би уул руу амжилттай авирч байна уу, амжилтгүй авирч байна уу гэж ярих боломжгүй. Мөрөөдөл тэмүүлэл, амьдралын зорилгоо тодорхойлчихсон  үед амжилтын тухай ярих хэрэг гарна. Амжилтаа тодорхойлж эхэлнэ.
Мөрөөдөл гэдэг мөрөөдөл биш шүү дээ. Хий хоосон яриад байх биш, биелүүлэхийн төлөө тэмүүлж явах хэрэгтэй юм. Амьдралыг учир утгатай болгодог зүйл бол энэ мөрөөдөл, тэмүүлэл юм шүү. Харин тэр нь яг юу байх вэ. Гурван өрөө байр юм уу, хэдэн саяын жийп юм уу. Зарим хүн УИХ-ын гишүүн, яамны сайд болохыг мөрөөддөг. Өөр заримынх нь тэмүүлэл хань ижлээ хайрлах, үр хүүхдээ хайрлах, эх орноо хайрлах байдаг. Юу байх нь хамаагүй. Юунд тэмүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд өөрөөсөө асууж тодорхой болгох нь л хамгийн чухал. Үүнд хариулъя, цөмөөрөө.
Бид энэ сайхан Монгол орондоо 60-80 жил л амьдарна. Хэн ч ялгаагүй бүгдээрээ ертөнцийн мөнх бусыг үзнэ. Бүгд л газрын хөрсөн доор зэрэгцээд хэвтэнэ. Харин хойч үе маань биднийг залгамжлан амьдарна. Ийм энгийн зарчмыг мэдэж байгаа бол амжиж бусдыгаа хайрлах сэтгэл төрнө. Энэ л бидний тэмүүлэл, мөрөөдөл байгаасай. Аав ээжээ хайрлана, хань ижил, үр хүүхдээ хайрлана, эх орноо хайрлана. Хэн нэгнийг хараад зүрх хүчтэй цохилж, бие бадайрч эхлэхтэй зэрэг хайр ирдэг гэж бодвол их том эндүүрч байгаа хэрэг. Олон кинон дээр ингэж харуулдаг. Гэхдээ энэ буруу. Хайр гэдэг бол хариуцлага. Аав ээжийнхээ өмнө хариуцлагаа ухамсарлана гэдэг нь анх удаагаа тэдэнд буцаагаад хайр өгч байна гэсэн санаа. Эх орныхоо өмнө хариуцлагаа ухамсарлавал гудамжинд хог хаяхгүй болно гэсэн энгийн л ойлголт. Өөрөөр хэлбэл, эх орныхоо өмнө хариуцлагаа биелүүлж байна гэдэг нь хайрлаж байна гэсэн үг. Түүнээс биш би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэн чанга чанга дуугарахыг хэлэхгүй. Түүнийг хайр гэж ойлгохгүй. Аав ээжийнхээ хайрыг хариулах, хайрлах гэдэг нь хичээл номоо маш хариуцлагатайгаар давтахыг хэлнэ. Залуучууддаа сонирхуулаад биш, анхааруулаад нэг үгийг жишээ болгон хэлье. Хойноос нь хөөцөлдсөөр байгаад нэг хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоолоо, хайртай боллоо, бүр нэг гэрт амьдарлаа. Ингээд амьдарч байтал хэдэн жилийн дараа өөр мэдрэмж төрүүлсэн, илүү гоё сэтгэгдэл авчирсан хүнтэй таараад хойноос  нь явах гэснээ больж, буцаж гэртээ ирмэгцээ “Хань нь чамдаа хайртай хэвээрээ шүү” гэж хэлж байгааг хариуцлага буюу хайр гээд байгаа юм.
Өөрийнхөө хариулт өгөх чадварыг хөгжүүлэх ёстой. Ялангуяа залуучууд. Олон залуус өөрийгөө барьж чадахгүй байна. Өөрийгөө хариуцаж чадахгүй байна. Өөрийнхөө хариултыг өгч чадахгүй байна. Сонин дээрээс элдвийг олж харж болохоор байна. Байшин дээрээс үсэрлээ л гэнэ, халаглаж харуусч байна л гэнэ. Энэ бол хариулт өгөх чадвараа хөгжүүлээгүй байгаагаас үүдсэн хэрэг. Нэг хүнд хайртай болоод түүнийгээ илчилтэл “Уучлаарай, би өөр хүнд хайртай” гэсэн хариулт ирэхэд “Тэгвэл би байшингаас үсэрнэ” гэж байгаа бол чи хариулт өгөх чадваргүй, хариуцлагагүй байна. Нартад заяагдсан энэ биеийг хариуцахгүй байна гэсэн үг.
Мөрөөдөл, тэмүүлэл чинь эцэстээ хайр байгаасай гэж би хүсч байна. Би ч ялгаагүй бусдыг хайрлахын төлөө л амьдарч байгаа. Хүмүүсийг илүү их хайрлахын тулд надад боловсрол хэрэгтэй. Хүмүүсийг хайрлахын тулд надад мөнгө хэрэгтэй. Бас жийп машин хэрэгтэй. Хүмүүсийг илүү их хайрлахын тулд би хань ижлээ сонгож байна, би амьдрал зохиож байна, би амьдарч байна. Энэ бол зөв зарчим. Түүнээс биш мөнгө олохын тулд би хүмүүсийг хайрлаагүй, жийптэй болохын тулд би хүмүүст найр тавиагүй.
Ажилдаа яарахад автобус бөглөөнд таг зогсчихдог, надад шалтгаан байхад хүмүүс намайг ойлгодоггүй... Энэ мэтчилэн гадны нөлөөлөл элбэг тохиолддог шүү дээ. Гүжир гүтгэлэг, доромжлол, баяр баясал, хайр сэтгэл гээд янз бүрийн нөлөөлөл байж болно л доо. Энэ нөлөөллүүдийг хянах аргагүй. Энэ буланг тойронгуут өмнөөс ирж буй хүн надад юу хэлэхээр зэхэж байгаа бол. Дайрч доромжлох гэж байна уу, эсвэл надад сайхан боломж олгох гэж байна уу гэдгийг би мэдэхгүй. Үүнийг би хянахгүй. Харин ирж буй нөлөөлөл бүхэнд би яаж зөв хариулт өгөх вэ гэдгээ л хянаж чадна. Хариулт өгөх чадвар, хариуцлага хоёр нийлээд хайр юм. Хүмүүсийг хайрлахын тулд хариуцлагатай байх ёстой. Тэр хариуцлага нь харин хариулт өгөх чадвар юм байна. Хариулт өгөх чадвар гэж юу юм бэ? Энэ хоёр гар, хоёр хөл, энэ биеийг л яг өөрийн юм шиг хариуцаарай.
Би дунд сургуульд байхдаа нөгөө сургуулийн ч юм уу хүүхдүүд өдөж сөргөөхөд өөрийн мэдэлгүй цохиж аваад л баахан пижигнэчихнэ. Тэгээд захирал багшийн үүдэнд чихдүүлээд, шүүмжлүүлээд л зогсдог байлаа. Тэр үед миний хариулт өгөх чадвар муу байж, хариултаа би буруу өгсөн. Рузьвелтын их гоё үг байдаг. “Хэрвээ хэн нэгэн хүн таны зөвшөөрөлгүйгээр зүрх сэтгэл рүү чинь ороод сийчээд явчихаж чадаж байвал та хамгийн тэнэг хүн байна” гэж тэр хэлсэн. Миний зүрх сэтгэл рүү хэн орох вэ, хэн надад нөлөөлөх вэ гэдгийг би хариуцна гэж өөрийгөө мэдэж л байвал та амжилтын эзэн. Амьдралын нөлөөлөл, түүнд хариулт өгч байгаа байдал хоёрын дунд мөрөөдөл, тэмүүлэл, амжилт бий шүү.
Өнөөдөр зарим нэг хүн ямар муухай аминчхан байна вэ. Бусдыг хайрлах тухай ерөөсөө ойлгохгүйгээр зөвхөн харь амиа бодох тухай л ярьдаг. Өөрийгөө хайрлаж байгаа нь өнгөц харахад зөв л дөө. Калифорнийн нэг улстөрчөөс “Яагаад танай оронд жил болгон дөчин сая долларыг гаднаас орж ирсэн цагаач хүмүүсийн хүүхдүүдэд зориулдаг юм бэ” гэж асууж. Тэр хариуд нь “Үнээн. Цагаачилж ирж байгаа хүмүүсийн хүүхдүүд өвчтэй, гэмт хэрэгтэн, манай эх орныг үзэн яддаг гэх мэт муу тал олонтой хэдий ч бид тэдэнд мөнгө зарцуулдаг. Яагаад боловсрол, соёлд нь анхаарч, тэднийг хайрладаг вэ гэвэл ирээдүйд тэр хүүхдүүд миний хүүхэдтэй хамт бассейнд орно, хамт нэг ширээнд сууна, нэг ажлын байран дээр ажиллана, нэг гэрт орж ч магадгүй шүү дээ” гэжээ. Монголд яадаг вэ? Цонхоор харахад дүүрэн шарилж. Нийгэм тэр чигтээ шарилж болсон. Бие биенээ үл хүндэтгэдэг, амь амиа боддог энэ нийгэмд Дорж, Дулмаа, Дондог гэртээ сарнай ургуулж, зөвхөн түүнээ арчилж тордсоор гаргаад иртэл тэр нь өнөө шарилжин дунд л орно. Сайхан сарнай шарилжин дотор орж хагдарна. Ийм байхгүйн тулд хэрхэх вэ. Бид нэг гэр бүл, нэг Монгол. Энэ үүднээсээ хүн болгон бие биенээ хайрлах ёстой. Ингэвэл нийгэм цэцэгт ногоон тал болно.
Оюутан хүний туйлын зорилго диплом биш. Энэ дөрвөн жилийн хугацаанд би хэн болж өөрчлөгдөх вэ гэдэг хамгийн эрхэм зорилго. Дөрвөн жилийн өмнөх, дараах та адилхан байвал аав ээжийнхээ хайрыг хариулсангүй. Өөрөөр хэлбэл, та хариуцлагагүй ханджээ. Дөрвөн жилийн дараа та өөр байх ёстой гэлээ. Харин яаж өөрчлөгдөх вэ? Энэ маш чухал. Бие хаа чинь өсч, хүдэр бадриун булчин шөрмөстэй болж болно. Улам гоолиг сайхан болж болно. Гэхдээ бодлууд тань өөрчлөгдвөл тун сайн байна. Бодол яаж өөрчлөгдсөнөөр хүн тэгж өөрчлөгддөг. Амьдралд амжилттай явах эсэх түүнээс л шалтгаалдаг.
Амьдрал гэж юу вэ. “Амьдрал гэдэг бол амьдралын тухай таны бодлын цуглуулгыг хэлнэ” гэсэн үг байдаг. Хүүхэд байхад миний туйлын зорилго чихрийн цаас сайн цуглуулах байлаа. Тухайн үедээ надад тэгж л санагддаг байсан. Чихрийн цаас цуглуулж байгаад нэг удаа дүү нартайгаа муудалцлаа. Аав маань “Хоорондоо яагаад муудаад байгаа юм бэ, наад цаас чинь ер нь хэнд хэрэгтэй юм бэ” гээд чемодан дүүрэн чихрийн цаасыг минь шатаачихсан. Өчнөөн хөдөлмөр зарж цуглуулсан Чанарт, Дэхийт гээд л гоё гоё чихрийн цаасыг минь шатаж байсан хог руу шууд л хийчихсэнд аавдаа их гомдож байлаа. Эргээд харахад миний бодол огт өөр болсон байна. Өнөөдөр би олон монгол хүний амьдралыг өөрчилнө гэсэн зорилготой болсон. Миний зорилго 20 жилийн өмнө өөр байсан байж болно, харин түүнээ өөрчилж, дараа дараагийн түвшинд хүрэх нь амжилтын үндэс. Хоёр хүн зэрэгцэж зогсоод цонхоор харж л дээ. Нэг нь цэнгэг агаарт шулганан жиргэж байгаа болжморыг хараад сэтгэл нь онгойн баясч байхад нөгөө нь цонхны раам хүрээний хир тортгийг хараад дотор нь муухайрч байв. Юуг, аль талаас нь харж байна гэдэг чухал шүү.
Бүх зүйл танаас л шалтгаална. Яг өөрийгөө яаж хариуцахаас. Өөрийгөө хариуцах гэдэг юунаас эхлэх вэ, бодол санаагаа хариуцахаас. Сэтгэлээр уналаа, архинд орлоо. Амьдралд амжилтгүй явж байна гэдэг дотоод сэтгэл, дотоод бодлоо цэгцлээгүй байна л гэсэн үг. Амьдралд хүчтэй дайчин байя гэвэл мөрөөдлөө толгойн дотроо өнгөтөөр сайн бодоорой. Хүмүүсийг ойлгож, олон хүнээр хайрлуулах тухай бод. Өнөөгийн залуус хэн нэгэн спонсорт найдаж, хэн нэгнээс дэмжлэг тусламж байнга хүлээдэг. Энэ хамгийн том аюул. Зөвхөн өөрийгөө хариуц. Мэдээж, хүмүүсээс тусламж гуйлгүй яахав, гэхдээ битгий найд. Зөвхөн өөртөө л найд. Нэг хүн надтай уулзаж зөвлөгөө авсан юм. “Миний хүүхэд гадаад явсан, гэтэл хар тамхинд орчихож. Одоо яана аа, би яах вэ” гэсэн. Надад итгэж ирсэн тэр хүнд би үнэхээр их баярласан ч тусалж чадаагүй. Тэр хүн хүүдээ өөрөө өөрийгөө хариуцах боломж олгоогүй байсан. Хүүхэд байхаас нь эхлээд дандаа өмнөөс нь явж. Муу авахад багштай нь очиж ярьдаг, хүнд зодуулахад явж учрыг нь олдог, ер нь бүх зүйлд ингэж өмнөөс нь хариуцаж явсан байсан. Ингээд тэр хүүхэд өөрийгөө хариуцах чадваргүй болж өсчээ. Өөрийгөө хариуцах чадвартай байхын тулд мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдлөө байнга өнгөтөөр бод. Сайн хүн санаагаараа гэж үг байдаг. Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ гэж ардын сайхан үг бас бий. Толгойдоо юу санаж явна, тэр чинь бүтдэг юм шүү. Энэ үнэхээр үнэн. Амны билгээс ашдын бэлэг. Амандаа юу ярина, тэр толгойд орно, толгойдоо юу бодно, тэр биеллээ олдог. Сандал дээр гараад тоглож байгаа хүүхдэд “хөөе унав аа” гэж хэлээд араас нь “тээр, хэлээгүй юу” л гэдэг шүү дээ. Тэр үг хүүхдийн толгойд “унах” гэдэг команд өгчихдөг. Дандаа өөдлөх, дэвжих, босох тухай л бодож байх хэрэгтэй.
Хүний амьдрал гурван янз. Нийгмийн амьдрал гэж байна. Би МҮЭХ-ны ерөнхийлөгч. Хөдөлмөр хийж байгаа олон хүний эрх ашгийг хамгаалж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэхийн тулд шийдвэр гаргагчидтай тэмцдэг нь миний ажил. Энэ бол миний нийгмийн амьдрал. Гэр бүлийн амьдрал гэж байна. Хань ижил, үр хүүхэд, тэднийхээ өмнө үүрэх хариуцлага гээд энэ мэдээж ойлгомжтой. Дараа нь түнэр харанхуй дотор зөвхөн өөрөө өөртэйгөө ярьдаг миний хувийн амьдрал гэж бий. Энэ амьдралдаа би маш их цаг зав зарцуулах ёстой. Би хүнд гүтгүүлэн доромжлуулан ингэж явах хэрэг байна уу даа гэдэг ч юм уу, юу ч бодож болох юм. Тэгэхэд, надад ингэж явах хэрэг байгаа, би зөв зүйл рүү зорьж байгаа, олон хүн намайг дэмжиж байгаа гэх мэтчилэн дотоод сэтгэлдээ тэмүүлж мөрөөдөж явах нь амжилтын үндэс. Таны дотор тань шиг бас нэг хүн байгаа. Тэр хүнээ бяртай чадалтай хүчтэй болгоорой. Тэр хүнийг хооллодог энерги нь түүнтэй ярих л юм.
Еврейчүүдийг энэ дэлхийн хамгийн ухаантай хүмүүс гэж нэрлэдэг. Яагаад. Еврей ардын нэг үг байдаг юм. “Ухаантай хүн гэж өөрийгөө ухаантай гэж итгэсэн хүнийг хэлнэ” гэж. Монголчууд бид бие биенээ хүндэлмээр байна, өөрсдөөрөө бахархмаар байна. Монгол хүн гэдэг чинь ямар аугаа юм бэ гэдгийг сэтгэл дотроо байнга ургуулан бодож, түүнийхээ төлөө явмаар байна. Ямар их амиа хичээж байна аа. Үүнийгээ бид болих хэрэгтэй. Хэзээ ийм байлаа даа. Монгол хүмүүс бид сайхан Монгол оронд амьдарна гэж тэмүүлэн бодож, үүний төлөө зүтгэж мэрийх шаардлагатай байна. Бие биенийхээ төлөө байх ёстой. Түрүүлж өөрөө сайхан наранцэцэг болж ургасан бол бусдын наранцэцгийн үр болох нь хүний зорилго юм шүү дээ. Би бол гишгүүр. Над дээр өнөөгийн залуус та нар гишгэж, дараагийн монгол үе минь урагшаа явна. Та нар дээр гишгэж хойч үе чинь бас урагшилж хойч үе рүүгээ явна. Бат бөх олигтойхон сайн гишгүүр болох юмсан гэж өнөө үе бид мэрийх учиртай. Миний өмнөх үе надад гишгүүр болж, өнөөдөр та нартай ярих боломж бүрдүүлсэн. Сайхан Монгол орны төлөө, өөдрөг гэгээн ирээдүйн төлөө бид бүгдээрээ мөрөөдөх хэрэгтэй, тэмүүлэх хэрэгтэй. Энэ бол Монгол орны амжилтын үндэс.
Мөрөөдөж тэмүүлснээр хүн цаг заваа үр дүнтэй, идэвхтэй өнгөрөөж сурдаг. Мөнгө алдвал олоод авчихаж, эсвэл буцаагаад бий болгочихож болно. Харин цаг хугацааг алдвал хэзээ ч эргүүлж авч чаддаггүйг та бид амархаан хэлчихдэг. Үнэндээ цаг хугацаа бол хамгийн том хөрөнгө юм. Түүнийг хэрхэн ашигласан бэ гэдгээс баян хүн, амжилттай яваа хүний хооронд ялгаа гардаг. Ирээдүйд биелүүлэх мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр хүсч байгаагаа золиослох чадварыг цагийн менежмент буюу цаг зөв ашиглах ухаан гэж нэрлэж байгаа юм. Ирээдүйд чи хүчирхэг эдийн засагч, чадалтай эрдэмтэн багш, эсвэл эх орныхоо хөгжилд гар бие оролцох чадварлаг инженер болъё гэж тэмүүлж байгаа бол өнөөдөр үзмээр байгаа Жангум, Чанву, эсвэл хорхойсоод байгаа сега тоглоомоо золиослох чадвартай байх хэрэгтэй шүү л гэсэн санаа. Энэ бол цагийн менежмент.
Зорилго, мөрөөдлийнхөө төлөө түүнд харшлах, саад болох бүхнийг золиослох чадвар чухал шүү. Сурахыг хүсч байгаа бол зөвхөн сурахад л хамаг анхаарлаа төвлөрүүл. Зүрх сэтгэлээ өгч сур. Онц сурна гэдэг бол толгойн дотроо олон шааригтай байна гэсэн үг биш. Танд арай илүү боломж, компьютер, сурах бичиг, номын сан байгаа учраас онц сурч байна гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл энэ худлаа үг. Хотын захын гэр хороололд байгаа мөртлөө, олон дүү нараа тэжээдэг мөртлөө онц сураад ирсэн тохиолдол зөндөө бий. Онц сурна гэдэг бол өдөрт дор хаяхад 30-40 минут, 1-2 цаг сууж анхаарлаа төвлөрүүлж сурахыг хэлнэ. Ингэснээр амьдралын янз бүрийн нөлөөлөлд зөв хариулт өгөх чадварыг хэлнэ. Хичээлээ хийх гээд суунгуут чинь “Өө, би кино үзье, волейбол тоглох юм байна, найзтайгаа уулзахаа мартчихаж, утсаар ярих хэрэгтэй байна” гэх зэргээр чамайг босгох мянга мянган шалтгаан орж ирнэ. Тэр болгонд зөв хариулт өгөөд “Үгүй ээ, би хичээлээ хийнэ. Би ядаж нэг цаг хичээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ” гэж сууж чадаж байгаа л бол та онц сурна. Амьдралд ч амжилтанд хүрнэ.
Монгол хүмүүс хоорондоо чин сэтгэлээсээ маш бага ярьдаг болчихож. Гэр бүл дэх чин сэтгэлийн яриа тун бага өрнөж байна. Яг үнэндээ бидний үр хүүхдийг Силвестр Сталлоне, Ван Дам, Чанву, Жангум дөрөв хүмүүжүүлж байна шүү дээ. Би үүний эсрэг байдаг. Яг Монголоороо байж ярилцмаар байна. Юу болж, юу болохгүй байгааг чин сэтгэлээсээ ярьж ямар нэгэн шийдэлд хүрч баймаар байна. Хариуцлагатай байж, нөлөөлөлд зөв хариулт өгмөөр байна. Өөр сонголт гэж байхгүй.
Бусад хүн адилхан л хариуцлагагүй, муу зүйл хийж байхад би яагаад болохгүй гэж. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр би ганцаараа энэ хорвоог сайхан болгож чадахгүйгээс хойш гэж боддог хүмүүс бий. Хамгийн буруу бодол. Ийм бодолтой тэмцэх хэрэгтэй. Үүнийг ялж чадвал чи бусад муу зүйлийг ч ялах чадалтай болно. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хилээр хортой алим орж ирээд, түүнийг нь бидний хүүхдүүд идэж л байна. Үүнтэй би тэмцдэг. Харин нийт монголчууд яах ёстой вэ гэвэл ухамсаргүй шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг гэртээ буруутган суух биш дуу дуу хоолойгоо нэгтгээд тэднийг үл тэвчтэл тэмцэх л хэрэгтэй байгаа юм. Тэмцдэг хэдхэн хүн байдаг, тэднийг хараад суугаад байгаа монголчуудын ухамсар хамгийн муу. Улаанбаатар хотын нэг таван давхар байшингийн өмнө баахан хүн трактордоод л, хүүхдийн тоглоомын талбайг дайрч ухаад л, хүн амьтан уйлж орилоод байхад хажуугийн байшингийнхан жүжиг үзэж байгаа юм шиг дээрээс нь сонирхон харж л суудаг. Дараа жил, магадгүй дараа сард өөрийнх нь байшингийн талбай руу трактордоод ирэхэд тэд “Хүүе энэ юу болов оо, нөгөө тэмцдэг хүмүүс хаачсан бэ. Аягүй бол авлига авчихсан даа” гэж хардахаа урьтал болгодог. Хүмүүсийн бэрхшээлийг хувьчлаад авчихсан хэдэн хүн тэнд байгаа юм шиг ийм идэвхигүй байгаа учраас муу бүхэн гаарч буй юм шүү дээ. Бидний хэн ч ялгаагүй бие биенээ дэмжих л учиртай. Тэгэхгүйгээр Иргэний эвслийн, эсвэл Үйлдвэрчний эвлэлийн хэдхэн хүн энэ бүхнийг нуруундаа үүрч хариуцан гардаг юм биш ээ. Монгол орон даяараа ийм явдлын эсрэг, шударга бус шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх ёстой юм. Сайхан цаг ирнэ гэж би найддаг. Гэхдээ... Өнөөдөр бид хүүхдүүдийнхээ тоглоомын талбайг трактороор дайрч болно, маргааш тэд маань танкаар дайрах вий дээ гэж би айж байна. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог.
“Эх орныхоо сайхан ирээдүйн төлөө өөрийгөө золиослох чадвартай хүнгүй ард түмэн дандаа боол хэвээрээ байдаг юм” гэж нэг үг байдаг. Монгол орон, Монголын ард түмэн их сайхан ирээдүйг бий болгож чадна гэдэгт би итгэдэг. Та нар ч гэсэн итгэж байгаа. Тийм мөрөөдөл тэмүүлэл бидэнд байгаа учраас энэ хэцүү тэмцлийг хийх эр зориг, чадвар бий болж байна. Бүгдээрээ түүний төлөө зүтгэнэ. Энэ зүтгэлийн маань нэгээхэн хэсэг болох энэ үгийг та нарт хүргэх боломж надад олгосон “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” ТББ, “Боловсрол суваг” телевизийн хамт олонд гүн талархлаа эцэст нь илэрхийлье. Эдний маань үйлс улам өөдрөг байж, ийм цуврал лекц нэвтрүүлгийг тогтмол явуулаасай. Бие биенээ намнасан улс төрийн нэвтрүүлгээр мэдээллийн хэрэгслүүд дүүрчихсэн байгаа энэ үед ийм эрүүл энергитэй  нэвтрүүлэг хийж байгаад нь үнэхээр талархаж байна.

http://www.mongoliandream.mn/
Бичсэн: Telnet | цаг: 14:40 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax